Хотын зурвас: Мөнгө барьж золгох нь монгол ёс биш
Хотын зурвас: Мөнгө барьж золгох нь монгол ёс биш

Цагаан сарыг тэмдэглэхдээ мөнгөтэй бус хадагтай золгож иржээ.

Монгол үндэстний уламжлалт  сар шинийн баяр хаяанд ирээд байна. Цагаан сар нь хаврын эхэн сарын шинийн нэгэнд өвлийг өнтэй давснаа тэмдэглэж өтгөс буурлынхаа амрыг айлтгаж, ахан дүүсээ таньж мэддэг ураг садны уулзалтын баяр билээ. Алдарт аялагч Марко Пологийн тэмдэглэлд ХIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Мөн Ванчинбалын Инжаннашийн "Хөх судар" романы 39 дүгээр бүлгийн эхэнд "IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсөж, Өүлэн ээждээ золгож мөргөмүй" хэмээсэн бий. Үүнээс үзвэл бид зуун зууны тэртээгээс тэмдэглэн иржээ. 

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдэлчид бид суурин соёл, хотын хэв маягт шилжин суусантай холбоотойгоор олон зүйл өөрчлөгдөн хувьсаж байна. Үүнтэй зэрэгцэн уламжлал соёлд байхгүй зүйлээр нэгийгээ даган дуурайх, барьцах, зиндаархах үзэгдэл ч бий болжээ. Хотын амьдрал, суурин иргэншлийн хэв маяг, чөлөөт зах зээлийн хэмнэл, хүмүүсийн амьдрал ахуй өмнөх нийгмээс дээшилсэн зэрэг ч нөлөөлж буй байх. Хэн, хэзээ оруулж ирсэн нь үл мэдэгдэх монгол биш заншил ч дэлгэрсээр. Үүний жишээ нь ахмад настнуудынхаа амар мэндийг эрэхдээ мөнгөтэй золгодог моод үүсэж, цаашлаад мөнгөн дэвсгэртийн өнгө, тоогоор өрсөлдөж эд хөрөнгө бэл бэнчнээ гайхуулах баяр болон хувирч байна. Мөнгө барьж золгох нь монгол ёс биш сүүлийн үеийн  даган дуурайх өвчнөөс үүдэлтэй олдмол зан гэлтэй. Бас барьж золгох мөнгөн дэвсгэртээрээ уралдахаас өмнө бид улаан дугтуйнд мөнгө хийж өгдөг хан үндэстэн биш гэдгийг санууштай.  

Урьд өмнөх бидний түүхэнд цагаан сарыг тэмдэглэхдээ мөнгөтэй бус хадагтай золгож иржээ. Хадагтай золгох ёсонд хадгийг эдийн манлай болгон барьж, хадгийнхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл таныг  ихэд хүндэтгэж буй ёс гэжээ. Монголчууд эрт үеэс ирсэн зочдынхоо алгыг дээш харуулж, өөрт бий зүйлсээ хуваалцдаг уламжлалынхаа дагуу хүндлэн ирсэн гийчдийнхээ гарыг цайлгадаг. Өнөөгийн шиг бэлгээрээ уралддаг, бэлгээ голдог араншин байсангүй ажээ. Өрсөлдөж, уралдаж, барьцаж, зиндаархахын оронд монгол төгрөг, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ бэлэглэж, монгол ёс заншлаараа баярлая, монголчуудаа.  

 Б.Лувсанпэрэнлэй