Дэлхийн хоёрдугаар дайны утаа алсраагүй тэртээх 80 жилийн өмнө хүн төрөлхтөн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа бүтээх ёстой гэсэн эрхэм зорилгоор байгуулсан Нэгдсэн үндэстний байгууллагын түүхэн ой энэ онд тохиож байна. НҮБ-ын 80 жилийн түүхэн хугацааны 64 жилд нь Монгол Улс дөрөө харшуулжээ.
1990 оноос өмнө НҮБ-аас хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, арьс шир, савхин эдлэлийн үйлдвэр, шинжилгээний төв, ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр зэргийг байгуулахад дэмжлэг үзүүлж байв. Тухайлбал, “Говь” компанийг үүсгэн байгуулахад нь техникийн туслалцаа, зөвлөгөө, болон судалгаа тооцооллыг боловсруулж дэмжлэг үзүүлсний үр дүнд өнөөдөр нийт 2000 гаруй ажилтантай, олон улсад салбартай, дэлхийд тэргүүлэх ноолууран бүтээгдэхүүний брэнд болтлоо хөгжсөн байна.
Харин Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд НҮБ-аас ядуурлыг бууруулах, нийгмийн үйлчилгээг сэргээх, засаглалыг сайжруулах зэрэгт тогтмол дэмжлэг үзүүлж, Монголчуудын түшиж тулах нэг багана нь болж байлаа. Тэртусмаа Ардчилсан төрт улсын чухал институц болох Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэргийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн нь өнөөдөр олон Монгол хүний эрхийг хамгаалахын зэрэгцээ, аливаа гамшиг осол тохиолдоход авран хамгаалах нөхцөлийг бүрдүүлээд байна. Монгол Улс 2021 онд “Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль” баталснаар хүний эрхийг хамгаалагчдын хууль зүйн хамгаалалтыг баталгаажуулсан Ази тивийн анхны улс болсон. Энэ хууль нь ХЭҮК, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм болон ХЭДКГ-ын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд бүс нутгийн хувьд сайн жишиг болж байна.
НҮБ-аас Монгол Улсад хийж хэрэгжүүлсэн ажил бүрийн ард хүүхэд залуусын хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоо, эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг олон суурь асуудал тодорхой хэмжээнд шийдэгджээ.
НҮБ-ын Хүн амын сан эх, нярайн зайн оношилгоог Монголд анхлан нэвтрүүлсэн нь эхийн эндэгдлийг 70 орчим хувиар бууруулж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн 3.1-р зорилтыг хангасан дэлхийн есөн орны нэг болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас л гэхэд Монгол Улсад дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хүний хөхөнцөр вирусын вакциныг амжилттай нэвтрүүлсний үр дүнд вакцины хамрагдалт 34 хувьд хүрээд байна.
Мөн жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад аюулгүй байдлын хамгаалалт, эрх зүй, эрүүл мэнд, сэтгэлзүйн зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлэх нийт 17 нэг цэгийн үйчилгээний төвийг НҮБ-ын Хүн амын сан МУ-ын Засгийн газартай хамтран үндэсний хэмжээнд байгуулсан нь одоо 39 болон нэмэгдэж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй аймаг, сумдад Залуучуудын хөгжлийн төвүүд, өсвөр үеийнхэнд ээлтэй бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг үзүүлэх өсвөрийн кабинетийг дүүргийн болон аймгийн эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулав. Энэ мэтчилэн НҮБ-аас хүүхэд эмэгтэйчүүд, жендэр, хүн амын эрүүл мэндэд чиглэсэн олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулжээ.
"Хүүхэд бүрийн төлөө” уриатай НҮБ-ын Хүүхдийн сан монгол хүүхдүүдийн төлөө маш их зүйл хийжээ. Хүүхдийн сангийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын хүүхдүүдийн товлолын дархлаажуулалт 90 гаруй хувийн хамралттай байна. Халдварт саа өвчин устаж, нярайн татран өвчин 1992 оноос хойш бүртгэгдээгүй. НҮБ-ын Хүүхдийн Сан нь вакцины хүйтэн хэлхээний чадавхийг нэмэгдүүлэх, вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, мөн алслагдсан, хүрч очиход хүндрэлтэй бүс нутагт нэмэлт дархлаажуулалтын аян зохион байгуулахад тасралтгүй дэмжин ажиллаж байна.
Орон нутагт, ялангуяа алслагдсан бүс нутаг, багт НҮБ-ын Хүүхдийн Сангаас гэр цэцэрлэг, Таблеттай багш, Багийн бага сургууль зэрэг шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хаа байгаагаас үл хамааран сурах, хөгжих нөхцлийг нь бүрдүүлсэн. Бодлогын түвшинд олон байгууллагуудтай хамтран Боловсролын хуулинд анх удаа тэгш хамран сургах боловсролын тогтолцоог оруулж, хөгжлийн хоцрогдолтой болон хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах боломжийг нэмэгдүүлээд байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд хамгааллын тухай анхны хуулийг боловсруулах, дараагийн шинэчлэн найруулга дээр нотолгоонд суурилсан аргазүйн дэмжлэг үзүүлж, улмаар хүүхдийг гэр бүл, сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин зэрэг бүхий л орчинд эрсдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үйлчилгээнд хамруулах нөхцлийг бүрдүүлэхэд үндэсний болон орон нутгийн түвшинд холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.
Олон улсын худалдааны төвийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “SheTradesHub” санаачилгын албан ёсны төвийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгуулж, 300 гаруй эмэгтэй удирдлагатай бизнес эрхлэгчид тус төвөөс олон талын дэмжлэг хүртэж байна. Тухайлбал, "Цахим эдийн засагт эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан (WEIDE)"-гийн дэмжлэгээр Монголын эмэгтэй удирдагчтай 50 компани нийт нэг сая ам.долларын санхүүжилт, сургалт, техникийн туслалцаа дэмжлэг авчээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх түүхэн амжилтыг дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал, эмэгтэй парламентын гишүүдийн тоо 1992 онд 3 байсан бол 2024 онд 32 болж өссөн нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болж өсөөд байна.
UN-Habitat — Гэр хорооллын стратеги ба дэд бүтцийг сайжруулах төсөл
2006 онд НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөрөөс Улаанбаатар хотын гэр хорооллыг төв, дунд, захын гэж ангилан хөгжүүлэх стратегийг тодорхойлов. Мөн гэр хорооллын бүсийг хөгжүүлэх анхны бодлогын баримт бичгийг боловсруулан НИТХ-аар 2007 онд батлуулсан нь одоо ч хэрэглэгдсээр байна. Гэр хорооллын иргэдийн нийгмийн идэвхийг дайчлан зохион байгуулах замаар хэрэгцээ, шаардлага, боломж, бололцоогоо үнэлэн дүгнэж хамтран ажиллах иргэний байгууллагуудыг бий болгож амьдрах орчин, нөхцөлөө сайжруулах ажилд өөрсдийн санал бодол, хүч чадлаа дайчлан ажиллах боломжийг олгож, НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөрийн аргачлалын дагуу нийслэлийн 10 хороонд 47 оршин суугчдын зөвлөл байгуулав.
Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.
Оршин суугчдын зөвлөлүүдтэй зөвлөлдөн, тэдний саналын дагуу хоёр цэцэрлэг, хоёр цэцэрлэгийн өргөтгөл, хоёр сургуулийн өргөтгөл, нэг ахмадын төв, дөрвөн ахуйн үйлчилгээний төв, хоёр олон нийтийн заал, нэг хорооны захиргаа, өрхийн эмнэлгийн барилга барив. Энэ хүрээнд оршин суугчид өөрсдөө ажиллах хүчээ зохион байгуулж гудамжны гэрэлтүүлэг, явган зам, худаг, явган гүүр, хүүхдийн тоглоомын талбайг гардан барьж байгуулсан нь тэдний амьдралын нөхцлийг сайжруулсан байна. Улаанбаатар хотын СХД, БЗД-т нийт 4517.5 метр урттай таван үерийн хамгаалалтын байгууламж барьж, 188.9 га талбайг үерийн эрсдэлээс хамгаалав. Ингэснээр 25000 гаруй иргэдийн амь нас, өмч хөрөнгийг үерийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болжээ. Мөн үерийн эрсдэл бүхий хороодын 2075 өрхийн жорлонг сайжруулснаар 8000 гаруй иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тухайн орчныг хөрс, гүний усны бохирдлоос сэргийлжээ.
НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ-тай хамтран Экспортын хөгжлийн төслийн хүрээнд 2023 онд Персийн булангийн орны итгэмжлэлийн зөвлөлийн Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын итгэмжлэлийг анх удаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд болон ресторан, хоол үйлчилгээний салбарт “Халал” стандарт нэвтрүүлж, дотоодын болон экспортын зах зээлийг өргөжүүлсэн. Монгол ногоо төслийн хүрээнд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалтын эрх зүйн орчин сайжирч, “Mongol Organic” шошгыг ашиглах боломж нээгдэж, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллагатай болж 18000 гаруй тариаланчийн бүртгэл plant.mofa.gov.mn системд бүртгэгдсэн байна. Мөн “Greenhouse project”-оос жилийн дөрвөн улиралд тогтмол ургац авах боломжтой, ус болон эрчим хүчний хэмнэлттэй, хөдөлмөрийг хөнгөвчилсөн дөрвөн улирлын гидропоник технологи бүхий шилэн хүлэмжийн загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, таниулахын зэрэгцээ шаардлагатай мэдлэг, туршлагыг түгээв. Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан 1996 оноос хойш манай улсын алслагдсан бүс нутаг, хөдөөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийн, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тус сангийн үйл ажиллагаанаас 90000 өрх ашиг хүртэж, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ улам бэхжив. Мөн түүнчлэн ногоочдын хоршоог байгуулсанаар ажлын байр, ашиг орлогыг нэмэгдүүлж, нийслэлийн хүн амыг хүнсээр хангахад хувь нэмэр оруулж байна.
Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон бусад олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улс 1970-аад онд Их говийн дархан цаазат газрыг байгуулсан бөгөөд уг бүс нутаг нь хожим дэлхийн хамгийн том хүн, байгаль хамтран орших нөөц газрын нэг болж, хоёр бөхт тэмээ болон мазаалай зэрэг ховор амьтдын амьдрах гол орчин болон хөгжжээ. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод тусгагдсан нүүрстөрөгчийн хийг багасгаж, хүртээмжтэй ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх зорилтын дагуу ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудыг бий болгоход анхааран ажиллаж ирсэн. Биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийг хамгаалах, тэдгээрийн зохистой хэрэглээг хангах ажлын үр дүнд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улс нь 12 дахь Шим мандлын нөөц газраа ЮНЕСКО-д бүртгүүлсэн ба шинээр ЮНЕСКО-ийн Дэлхийн Геопарк хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд НҮБ, Монгол Улс хооронд Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDG)-тай уялдсан хамтын ажиллагаа өргөжсөн. Тодруулбал, НҮБ-аас Монголд тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжиж, хөрөнгө оруулалт, бодлого зэрэг олон талт ажлуудыг идэвхжүүлээд байна. Мөн эрчим хүч, засаглал, дижитал шилжит, гамшгийн эрсдэлийг бууруулах зэргээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээ тасралтгүй үргэлжилнэ. Цаашид ч гэсэн өнгөрсөн 80 жилийн ололт амжилт дээрээ тулгуурлан энх тайван, аюулгүй байдал, амар амгалан, аз жаргалтай дэлхийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэж байна.