Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч У.Тэмүүлэн, Б.Ариунбат нар.
Арван хоёр жил найзалж, үнэ цэнтэй нөхөрлөл бүтээж яваа залуус эр цэргийн албаа ч хамтдаа хаахаар Хилийн цэргийн 0198 дугаар ангид иржээ. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагч У.Тэмүүлэн, Б.Ариунбат нартай цэргийн амьдрал, найз нөхөрлөлийн тухай цөөн хором ярилцлаа.
- Хамтдаа цэрэгт явахаар шийдсэн юм уу. Хэн нь энэ санааг гаргасан бэ?
У.Т: Би тоглоом маазраа болгоод найздаа хэлсэн байхгүй юу “Хоёулаа зүгээр байхаар цэрэгт явчхаад ирье” гээд. Тэгээд л цэрэгт, энэ ангидаа хүрээд ирсэн дээ.
Б.А: Найздаа итгээд шууд л тэгье гэсэн. Тэгээд ээждээ нэг жил цэрэгт явчхаад ирье гэхэд “Зөв миний хүү, найзтайгаа цуг эр цэргийн албаа хаачхаад ир” гэсэн. Маргааш нь хичээлээсээ чөлөө аваад найз дээрээ очоод цэрэгт явах шийдвэрээ гаргасан даа.
- Цэрэгт ирэхээсээ өмнө та хоёр сурч, ажилладаг байв уу?
У.Т: Манай найз эм зүйчийн дөрөвдүгээр курсийн оюутан байсан. Харин би авто засварчин мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаад зургаан жил болж байсан.
- Ингэхэд та хоёр хэзээ, хэрхэн танилцаж найзууд болсон юм бэ?
У.Т: Намайг зургаадугаар ангид байхад манай ангийн багш “Алдар” спорт хороонд жүдогийн секц байна чи бүртгүүлээд хичээллэж эхэл гэсэн юм. Багшийнхаа хэлснээр би очиж бүртгүүлсэн. Тэнд хичээллээд хэд хонож байтал манай найз элсэж орж ирсэн. Найзын маань ээж манай ангийн багш. Бас бидний гэр нэг зүгт байсан. Ингээд л найзалж эхэлсэн дээ.
Б.А: Би бас зургаадугаар ангид сурч байсан л даа. Жин ихтэй хүүхэд байсан болохоор ээж маань биеэ хөгжүүлж, ямар нэгэн спортын дугуйлан секцэд явахыг зөвлөсөн. Тэр дагуу нь “Алдар” спорт хорооны жүдогийн секцэд очоод найзтайгаа таарсан. Ээж ч манай ангийн нэг хүү чамтай хамт бэлтгэлд явна, та хоёр сайн найзууд болоорой гэж захиж байсан. Тэр цагаас хойш тасралтгүй 12 жил найзалж байна.
- Найз гэж ямар хүнийг хэлэх бол?
Б.А: Найз байхын учир нь миний хувьд нэгийгээ буруу явж, алдахаас нь сэргийлдэг байх. Хоёр дахь гэр бүл шиг нь хүн учраас зөв амьдрах замналыг заадаг байх. Ирснийхээ дараа бид хоёр хилийн өөр өөр салбарт хуваарилагдсан. Тэгээд салаад явж байхдаа найзыгаа их санасан. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Буруу эргэлт” киноны дууг аялаад, дуулаад л явдаг байсан. Хол байхаар найзыгаа маш их бодож, санадаг юм байна лээ.
- Маргалдаж муудалцаж байв уу?
У.Т: Ганц нэг муудалцаж, нэг удаа барилцаж авч байсан. Дараа нь “за уучлаарай, андаа” гээд гар бариад л эвлэрч байсан даа.
Б.А: Тухайн үед бол бүр айхтар цохиж нүдэж зодолдохгүй шүү дээ. Зүгээр л барьцалдаж аваад л больсон. Муудахдаа нэгийнхээ болохгүй байгаа зан чанарыг дор дор нь хэлж алдаагаа засаад явдаг. Ер нь нэгнийгээ сайн ойлгодог болохоор одоо бол муудаад байх асуудал гардаггүй.
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч У.Тэмүүлэн, Б.Ариунбат нар.
- Анх цэрэгт ирээд ямар бодол төрсөн бэ?
Б.А: Анх энэ ангидаа хуваарилагдаж ирээд ер нь юунд ирчхэв дээ, хоёулаа арай хөгшдөж байгаа юм биш үү, жаахан, жаахан залуучууд харагдаад байх юм. Ээ ёстой баларсан юм аа гэдэг бодол хамгийн түрүүнд төрсөн. 18-тай хүүхдүүдийн хөлд нь чирэгдээд хэцүүдэх вий гэсэн айдастай байсан.
У.Т: Ер нь адилхан гэхдээ хожуу ирсэн ч гэлээ чирэгдээд байгаа асуудал бол огтоос байхгүй. Адилхан мөр зэрэгцээд явж байна даа.
- Цэргийн амьдралаас суралцсан зүйлээсээ хуваалцвал?
У.Т: Би нойронд их сайн хэр барагтай бол сэрэхгүй. Өглөө сэрээд сэрээд гэхэд нь хэцүүхэн л босдог байсан. Одоо бол нойроо ялсан. Цэрэгжилт сайтай болж байна.
Б.А: Энд ирээд хувийн эмх цэгц гэдэг зүйлийг хамгийн сайн сурсан.
- Цэргийн алба хааж байх хугацаанд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ. Нэмэлт сургалтууд нь ямар санагдаж байна?
У.Т: Өмнө нь В ангиллын жолооны үнэмлэхтэй байсан. Энд ирээд шалгалт өгөөд С ангилал даруулсан.
Б.А: Жолооны курст суугаад шалгалтаа өгсөн. Эдгээр сургалт нь хугацаат цэргийн албаа хааж буй бидэнд хэрэгтэй зүйлүүдийн нэг гэж бодсон. Хэлний мэдлэг нэмж, жолоодлогын чадвартай болж байна. Хэрэгтэй зүйл олон бий. Орчин үеэ дагаад сүүлийн үед и-спортоор бас хичээллэж, тоглож байна.
- Хилийн манаанд явахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
У.Т: Эх орныхоо торгон хил дээр очоод багана, тороо шалгаад зогсоход их сайхан мэдрэмж байдаг. Нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд маш гоё. Хилээ манаж байгаагаараа маш их бахархдаг.
Б.А: Сүлдэт багана дээрээ очоод баганаасаа адис аваад, хилээ манаад явахаар омогшсон мэдрэмж төрдөг. Кинон дээр гардаг шиг “Монгол Улсын дархан хил тайван байна” гэдэг үгийг үнэхээр хэлмээр санагддаг юм билээ. Эр цэргийн хувьд бол үнэхээр бахархмаар гоё мэдрэмж байдаг.
-Цэргийн алба, амьдралын тухай юу хэлэх вэ?
Б.А: Эх орноороо бахархах мэдрэмж төрдөг юм байна. Бидний төлөө, эх орныхоо газар нутгийг авч үлдэх гэж, хамгаалах гэж хичээж тэмцсэн хүмүүсийг мартаж болохгүйг ойлгож байна. Цэргийн албанд ар гэрээсээ алслагдмал байгаа ч бидэнд гэртээ байгаа мэт орчин нөхцөлийг бүхий л зүйл дээр бүрдүүлж ажилладаг хүмүүс байдаг болохоор залуучуудыг цэрэгт явж байгаарай гэж хэлмээр байна.
У.Т: Манай улс түүх ихтэй, маш гоё байгальтай. Би өнгөрсөн жил зургаан сарын хугацаатай Япон улсад ажиллаж, амьдарч, соёлоос нь суралцаад ирсэн. Буцахдаа Солонгос улсаар дамжиж ирсэн. Онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байхдаа Монгол Улсынхаа тугийг хараад өөрийн эрхгүй нулимс гарчих гээд байсан. Тэнд байх хугацаандаа улсынхаа уудам тал хээр, хөдөө нутаг, үзэсгэлэнт байгалийн зураг, бичлэгийг харахдаа өөрийн эрхгүй омогшиж би монгол хүн гэдгээрээ бахархдаг байсан.
- Гэр бүл, хайртай хүмүүстээ ямар үг дамжуулах вэ?
У.Т: Аав ээждээ өдий зэрэгт хүргэж өсгөж, хүмүүжүүлсэнд нь баярлалаа.
Б.А: Ээждээ баярлалаа. Гэр бүлийнхэндээ хайртай шүү. Ээжийгээ зовоож байсан бол уучлаарай.
Ярилцсанд баярлалаа. Та хоёрт амжилт хүсье.