Цагдаагийн алба хаагчид нэгдүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тухайн этгээдүүдийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Мэргэжлийн байгууллагаас уг олдворыг монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг, монгол оронд 72-83 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн төрөл протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрлийнх бөгөөд түүхийн хосгүй үнэт олдвор болохыг тодорхойлжээ.