ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр
Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн улаанбурхан өвчний гурван тохиолдол лабораториор батлагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө. Халдвараар өвчилсөн гурван хүн дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй байсан бөгөөд хоёр нь хүүхэд байгаа аж. Мөн халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүнд байгаа гэлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Энэ сарын 12-оос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдсан. Нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн улсад зорчсон байсан. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандан, эмчлүүлж байна. Тухайн хүүхэд энэ сарын 18-ны өдрийн аяллаар онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан, энэ сарын 8-нд монголд ирсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа “Гадаадаас ирсэн иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас тандалт судалгаа авахаар утсаар холбогдвол дор бүрнээ эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Өрх дүүргийнхээ вакцины кабинетад очиж, урьдчилан сэргийлэх боломжтой" гэлээ.
Б.Лувсанпэрэнлэй