1 Өдрийн өмнө.
Наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатарын баг найруулна
Наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатарын баг найруулна

Наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Төрийн соёрхолт Н.Наранбаатар ахлагчтай баг найруулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Төрийн соёрхолт Н.Наранбаатар ахлагчтай баг найруулахаар болжээ. Тус саналыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн байна. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байгаа аж. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд сануулжээ. 

Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар болсон юм байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгасан гэв. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын  бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтжээ. 

Б.Лувсанпэрэнэй