Зүүн гар талаас ТЦА-ын УСХ-ийн дарга, дэд хурандаа Д.Оюун, Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан
Тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор явуулах санал асуулгыг энэ сарын 11-17-ныг хүртэл хэвлэл мэдээллийн 10 хэрэгслээр явуулахад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор явуулахыг дэмжсэн байна.
Үүнтэй уялдуулан нийслэлд энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулахаар болжээ. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Энэ сарын 22-ноос сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор болжээ.
Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан "Авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулахад замын ачаалал 44 хувиар буурдаг тоон үзүүлэлт байдаг. Цагаан сарын баярын оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн 7 км.цагийн хурдтай байна. Зохицуулалт хийж арга хэмжээ авахгүй бол тээврийн хэрэгслийн хурд улам багасах эрсдэлтэй байгаа учир дараах арга хэмжээг авлаа” гэлээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт нь гадаадын зочид төлөөлөгчид, сургууль цэцэрлэг, ажилчдын унаа болон хэвлэл мэдээллийн байгууллагын унаа, машинд үйлчлэхгүй ажээ.
Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой оролцож алба хаагчийн хууль ёсны шаардлагыг сахиж, анхаарал болгоомжтой зорчихыг уриаллаа.
Б.Лувсанпэрэнлэй