3 Өдрийн өмнө.
Р.Гантулга: Импортын адууг бүртгэж гэрчилгээ олгох хэрэгтэй 
Р.Гантулга: Импортын адууг бүртгэж гэрчилгээ олгох хэрэгтэй 

Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр морин тойруулга, ойрын зайн уралдааныг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Тус холбооноос энэ сарын 22-ны өдрөөс эхлэн морин тойруулгын ойрын зайн уралдааныг зохион байгуулах аж. Мөн долоо хоног тутамд D-1, C-1, A-1 ангиллын цэвэр цусны болон F-1 ангиллын эрлийз морьдын уралдааныг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын холбооны тэргүүн Р.Гантулга "Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор орж ирж буй цэвэр цусны адуу, түүний төлийг бүртгэж гэрчилгээ олгох шаардлагатай байна. Мөн морин тойруулгын ойрын зайн уралдааны хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бооцоот морин уралдааны хуультай болчихвол аялал жуулчлал, ажлын байр нэмэгдэж эдийн засагт үр өгөөжтэй. Эрх зүйн орчин байхгүйн улмаас олон улсын байгууллагатай хамтарч ажиллах боломжгүй байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагуудаас эрх зүйн орчин бүрдүүлж хамтарч ажиллахыг хүсэж байна" гэлээ. 

Морин тойруулгын ойрын зайн уралдаанд насанд хүрсэн, зохих сургалтад хамрагдсан мэргэжлийн унаач буюу олон улсын нэршлээр жокей нар уралдах юм байна.

Мэргэжлийн унаач Б.Түмэннаст "Одоогоор манай улсад мэргэжлийн хурдан морь унаач гэсэн ажлын байр байхгүй байгаа. Тиймээс даруй бий болгож шаардлагатай сургалт, хичээлийг орж шинээр ажлын байр бий болгох нь зүйтэй. Би 2000 километрийн өртөөчилсөн морин уралдааны рекордыг эзэмшдэг. Монголд ойрын зайн морин уралдааныг хөгжүүлэхээр мэргэжлийн унаач буюу жокей бэлтгэхээр Солонгос улсаас мэргэжлийн сургагч багшийг урьж сургалт хичээлийг зохион байгуулж 20 хүнийг бэлтгэсний нэг нь миний бие. Сонгомол болон эрлийз адуу үржүүлж байгаа олон уяач бий. Тиймээс тойруулгын уралдаан хөгжих шаардлагатай

Ойрын зайн морин уралдааныг хөгжүүлснээр монгол, эрлийз адуу холилдож уралдах асуудал шийдэгдэж, импортын адууг бүртгэж хяналт тавин эдийн засгийг эргэлтэд оруулах зэрэг олон давуу талтай хэмээлээ. Тухайн холбооноос 2020 оны гуравдугаар сард анхны ойрын зайн 4500 метрийн морин уралдааныг зохион байгуулж байжээ.

Б.Лувсанпэрэнлэй