Сурагчдын II улирлын амралтыг аюулгүй амьдрах ухааны долоо хоног болгоно 
Сурагчдын II улирлын амралтыг аюулгүй амьдрах ухааны долоо хоног болгоно 

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг аюулгүй амьдрах ухааны бие даалтын долоо хоног болгоно.

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр гамшиг ослын нөхцөлийн талаар мэдээлэл өглөө. Гал түймэр хохирлын түвшин 22.5 хувь, үер усны ослын дуудлага 20 хувь, ой хээрийн түймэр 13 хувиар буурчээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнгөрсөн онд Belenbai.mn сайт нээж, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ мэдээллүүдийг оруулдаг болсон. Энэ сайт руу орж мэдээ мэдээлэл авснаараа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх бөгөөд гамшиг ослын үзүүлэлт буурахад ч нөлөөлөл үзүүллээ” гэж ярилаа.

Тодруулбал, үер усны осолтой холбоотой дуудлага 20 хувь, гал түймэр болон түүнд учирсан хохирлын түвшин 22.5 хувь, ой хээрийн түймрийн тохиолдол 13 хувь буурсан байна. Мөн энэ онд Nema.gov.mn сайт дээр байршуулсан асуулт хяналтын хуудаснаас иргэд  мэдээлэл авч өөрсдийн  эрсдэлээ тодорхойлж хариу арга хэмжээг авах  боломжтой.  

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг аюулгүй амьдрах ухааны бие даалтын долоо хоног болгохоор төлөвлөж байгаа аж. 

УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү “Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймагт 3540 орчим өрх байна. Тэдгээрээс өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа таван аймгийн 1984 өрхөд аймаг сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл хүргэх ажил эхэлсэн. Мөн дулаарч байгаатай холбогдуулан анхааруулга хүргэж, зам товчлох нэрийдлээр гол, нуур, цөөрөм дээгүүр зорчиж цөмрөх тохиолдлууд гарч байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна” гэлээ. 

Б.Туяамарал