3 Өдрийн өмнө.
ТҮЦ-ийн орлогыг СU булааж, дампууруулж байна гэв
ТҮЦ-ийн орлогыг СU булааж, дампууруулж байна гэв

“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийв.

Төрийн эрх бүхий албан хаагчид мөнгөтэй компанид үйлчилж, жижиг дунд бизнесийг шахаж боодог. Мөн CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялсан гэж “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн н.Пунсалдулам “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар “CU”-ын урилга, зардлаар ажлын өдрүүдээр БНСУ-д аялаад ирсэн. Бид тэр хүмүүсийг нисэх болон ирэх үед бичлэг хийж баримтжуулсан. Онгоцны буудалд буух үед нь очиж тэднээс хэний зардлаар явсан талаар асуухад өөрсдийнхөө зардлаар явсан гэж тайлбарласан. Гэтэл төрийн албан хаагч ажлаа хаяад өөрийнхөө зардлаар Солонгос руу явах нь зөв үү. Энэ хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна. Ашигтай байрлал бүрд CU, GS25 байршчихдаг. Гэтэл гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Энэ хүмүүс гаднын байгууллагаас авлига аваад, амаа үдүүлчхээд байдаг болохоор яаж ч чадахгүй байгаа нь үнэн. Үүнийг авлига авсан гэж хардаж байна" гэлээ. 

Найман нэрийн дэлгүүр, ТҮЦ эрхлэгчид орлогоо олон улсын сүлжээ дэлгүүрүүдэд шударга бусаар алдаж, тэдний цаана авлига авсан албан тушаалтнууд жижиг дунд бизнес эрхлэгчдийг шахаж дампууруулж байна гэсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатартай биечилж уулзан ТҮЦ эрхлэгчдийн стандартыг батлахыг ахин шаардана гэдгээ илэрхийллээ.

Б.Лувсанпэрэнлэй