02 сарын 13, 2025
Маргааш “Чайна энержи”-тэй хийх хэлэлцээрийн дараа юу болох вэ?
Маргааш “Чайна энержи”-тэй хийх хэлэлцээрийн дараа юу болох вэ?

Гэрэл зургийн эх сурвалж: https://mongolia.gov.mn/

Маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д  Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Өргөн, нарийн цариг, овоолсон шороо, төмөр замын бүтээн байгуулалт зэргээр олон жил үргэлжилсэн талцал маргаантай асуудал ийнхүү нэг талдаа гарч, Монголчууд бид ямар ч гэсэн төмөр замаар нүүрсээ тээвэрлэх, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлт үүссэн.

Гэхдээ Засгийн газраас энэ төслийг Монгол Улсын эдийн засгийн хувьд үр ашигтай, мега төсөл хэмээн үзэж байгаа ч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хятадын талд хэт үйлчилж, давуу эрх олгосон гэрээ хийх гэж байна гэж шүүмжилсэн. Мөн сүүлийн үед болж буй жагсаал цуглаан, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан зарим гишүүний ашиг сонирхол нь энэ хэлэлцээрийг зогсоох зорилготой гэх мэдээлэл гарсан ч одоогоор хоёр тал төлөвлөсөн хугацаандаа гэрээгээ зурж, Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслийнх нь нэг хөдлөх нь тодорхой болж байна. Тэгвэл маргааш “Чайна энержи”-тэй хийх хэлэлцээрийн дараа юу болох вэ?

Хамгийн түрүүнд Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Их хурал соёрхон батлах ёстой. Үүний дараа хамтран ажиллах, ажил гүйцэтгэх нарийвчилсан гэрээнүүд зурагдаж, үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тодруулбал, Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замыг барьж гүйцээнэ. Оронд нь Эрдэнэс тавантолгойтой урт хугацааны гэрээ байгуулж, уурхайн хоёр хэсэгт нүүрс олборлох санал тавьсан. Ингэснээр уурхай хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн гурван чиглэлээр хэлэлцээр байгуулах юм.

  1. Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төслийг энэ хавар эхлүүлж 2-3 жилийн хугацаанд барьж дуусгана гэж тооцоолж байна. Мөн төмөр замын холбогдох хэсэгт ачиж буулгах терминал барих бөгөөд 976 тэрбум төгрөгийн зардлыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана.
  2. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулна. Ингэхдээ Хятадын талд Ончхараат, Бортолгойгоос 16 жил олборлолт явуулах эрх олгохоор төлөвлөж байна. Харин нүүрсний үнийг улирал тутам шинэчилнэ.  Нүүрсээ БНХАУ-д борлуулалт хийдэг дөрвөн компанийн жишиг үнээр борлуулахаар яригдаж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
  3. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр дээд хүчин чадлаараа ажиллаж, жилд 30 гаруй сая тонн нүүрс олборлон экспортод гаргаж байна. Харин төмөр замын хил холболтыг хийснээр 2030 оноос эхлэн жилийн экспортыг 160 сая тонноос дээш гаргахаар төлөвлөжээ.