02 сарын 12, 2025
Нөөцийн махыг 179 цэгээр худалдаалж байна
Нөөцийн махыг 179 цэгээр худалдаалж байна

10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэлжээ.

Нийслэлийн 179 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байна. Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэлжээ.

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм.

“Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн махыг 30 хувь, хонины махыг 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

img_7574 Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны  Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд  зориулж 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 87.3 хувьтай байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоосон.

Нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 аж ахуйн нэгж үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах нийлүүлж байгаа юм байна. Мөн Эрдэнэт, Дархан, Чойбалсан дахь үйлдвэрүүд нь орон нутагтаа савлагаагаа хийж нийслэлд тээвэрлэнэ хүргэж байгаа аж. 

Б.Лувсанпэрэнлэй

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс