Монголын Үндэсний музей, Дуут урлан ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн нээлээ.
Монголын Үндэсний музей, Дуут урлан ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголчуудын уламжлалт өв соёлыг орчин үеийн инноваци, шинэ технологитой хослуулж бүтээсэн “Дуут урлан” ХХК-ийн урчуудын бүтээлийг дэлгэж байгаагаараа онцлогтой аж.
"Дуут урлан" ХХК нь Монголын шатрын гарал үүслийг судалж, уран бүтээлдээ дүрслэн оруулдаг байна.
33 жилийн хугацаанд Монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар ур ухаан шингээн бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин Монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг үзэсгэлэнд дэлгэжээ.
Үүнээс гадна толгойн гоёл, идээний цар, халбага, сэрээ, савх гээд уран нарийн хийцтэй олон бүтээлүүд бий. Үзэгчдийн сонирхлыг татдаг, худалдаж авдаг бүтээлийн нэг нь цацлын халбага. Мөнгөлсөн, алтадсан, таван хошуу мал дүрсэлсэн гээд янз бүрийн цацлын халбага бий.
Эдгээр бүтээлийг дотоод гадаадын 50 орчим үзэсгэлэнд дэлгэж, Монгол үндэсний өв соёлоо сурталчилжээ.
Тухайлбал, Дуут урлан компанийнхан 2023 оны 10 дугаар сард Франц улсын Нант хотын түүхийн музейд Монгол улс, БНФУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор гаргасан “Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээрээ хамтран оролцсон юм байна. Энэ оны гуравдугаар сард Чех улсын Прага хотын Үндэсний музей, 2026 онд Герман улсын Берлин хотын түүхийн музейд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Б.Туяамарал