02 сарын 10, 2025
Уяачдын холбоо Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдлээ
Уяачдын холбоо Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдлээ

Монголын морин спорт уяачдын холбооноос Монгол ньюс төвд мэдээлэл хийлээ.

Монголын морин спорт уяачдын холбооноос хурдан морийг насанд хүрсэн хүнээр унуулах тухай Засгийн газрын  41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй гэж мэдээллээ. Тодруулбал том хүнээр морь унуулсан ямар ч уралдааны зохион байгуулахгүй гэх энэ шийдвэр нь Монголын морин спорт уяачдын холбоогоор дамжин  21 аймагт хэрэгжинэ гэдгийг зарласан юм. 

Яагаад гэвэл Монгол морины дундаж жин 200-250 килограмм байдаг. Харин насанд хүрсэн хүний жин 60 килограммаас илүү гэж үзвэл хурдан морь унахад тохиромжгүй хэмжээ гэж үзэж байгаа аж. 

Иймээс Монгол улсын Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээ”-нд оруулсан өөрчлөлтийг ММСУХ эсэргүүцэж улмаар холбооны төлөөлөгчдийн зүгээс хаврын морин уралдааныг сэргээх хүсэлтээ засгийн газарт хүргүүлсэн байна. Мөн олон улсын байгууллагуудын шаардлагыг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой гэж мэдээлэв. Үүнд:

  • 2025 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгох,
  • Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл байгуулах, 
  • Уралдаанч хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийг стандарттай болгох,
  • Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарах зэрэг орж байгаа юм. 

Уяачдын холбооныхон “Бид өвлийг өнөтэй давснаа тэмдэглэж хаврын уралдааныг хийсээр ирсэн. Морин уралдаан хэзээ ч хаагдаж  байсан түүх байхгүй. Үндэсний өв соёлоо аварч үлдэхийн тулд олон улсын байгууллагуудын тавьж буй шаардлагуудыг биелүүлж ажиллана” гэлээ.

Б.Туяамарал