02 сарын 10, 2025
Орон даяар 5G сүлжээ нэвтрүүлнэ
Орон даяар 5G сүлжээ нэвтрүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр энэ онд хийх  ажлынхаа талаар мэдээлэл өгөх үеэрээ 5G технологийн хэрэглээг  бүх сумдад нэвтрүүлж интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ гэлээ.

Тэрээр "Бид энэ онд багтаан 5G сүлжээг орон даяар нэвтрүүлнэ. Гурван сараас сонгон шалгаруулалтыг  эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан. 5G сүлжээг нэвтрүүлснээр орон нутгийн иргэд орчин үеийн цахим үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болох юм. Сумдын интернэт 10 дахин нэмэгдсэнээр хөдөөгийн сургуулийн хүүхдүүдэд цахим боловсролын үйлчилгээ ойртоно. Мөн эрүүл мэндийн шинжилгээг төвийн эмнэлгүүдэд цаг алдалгүй илгээх зэрэг олон давуу талууд бий болох юм" гэв. 

Өнөөдрийн  байдлаар 325 сумдад 52,480 километр шилэн кабель 1Гбит/сек дахин дамжуулах сүлжээний багтаамжтай ажиллаж байгааг энэ онд 10Гбит/сек болгохоор төлөвлөжээ. 

Сумдад 5G сүлжээ нэвтэрснээр хөдөөгийн иргэд хот суурин газруудын адилаар IPTV зэрэг интернэтийн хурд, багтаамж шаардсан үйлчилгээг  авах болон 5G гэх мэт шинэ технологид суурилсан үйлчилгээнүүдийг сумдад оруулах боломж бүрдэх юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим үндэстэн" хөтөлбөрийг  орон даяар амжилттай хэрэгжүүлж, богино хугацаанд цахим шилжилтийг улс орныхоо өнцөг булан бүрд хийх суурь дэд бүтцийг шинэчлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолж байна.

Б.Лувсанпэрэнлэй