02 сарын 10, 2025
Нийт нутгаар цас орж, шуурна
Нийт нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшиж өдөртөө цас орно. Салхи баруун  өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, -9…-11 хэм хүйтэн байна.

Б.Лусанпэрэнлэй