Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан "Бага насны хүүхдийн цогц хөгжил" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Нэгдсэн үндэстний байгуулагын Хүүхдийн сангаас "Бага насны хүүхдийн хөгжил” хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр НҮБ болон Үндэсний статистикийн хорооны хамтран гаргасан 2023 оны Хүүхдийн сангийн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны зарим үр дүнг танилцуулсан юм.
Манай улсын нийт хүүхдийн 80.9 хувь нь эцэг эхийн хамт, 12,2 хувь нь эхтэйгээ, 1.6 хувь эцэгтэйгээ амьдардаг байна. Мөн 6.4 хувь нь төрсөн эхтэйгээ амьдардаг бол, таван хувь нь хагас, бүтэн өнчин, 4.6 хувь төрсөн эцэг эхтэйгээ амьдардаггүй, 0.6 хувь мэдээлэл байхгүй гэсэн судалгаа гарчээ.
Боловсролын үзүүлэлтийн судалгаагаар нийт хүүхдийн 91 хувь нь ахлах ангид элсдэг ч 76 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшдэг байна. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан "Бага насны хүүхдийн цогц хөгжил" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр "Бага насны хүүхдийн тархины хөгжлийн 90 хувь 0-5 насанд явагддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. 0-12 сартай нярай шулганах нь тархины хөгжилд чухал үүрэг үзүүлдэг. Хариу үйлдэл үзүүлж хүүхэдтэйгээ ярилцах нь нярайн хэл ярианд хэрэгтэй холбоосыг өдөөж өгдөг" гэв.
Б.Лувсанпэрэнлэй