УИХ-гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах
“Тогтвортой хөгжлийн төлөө” клубийн сэтгүүлчид өнөөдөр УИХ-гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрахтай уулзаж боловсролын салбарын асуудал ба арга замууд сэдвээр нээлттэй ярилцлаа.
Ж.Галбадрах багшийн хувьд өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлдээ өдөрт гурван цаг зарцуулж төвлөрч хийгээд байвал дадал болж нэг мэдэхэд л санасандаа хүрсэн байх болно гэдэг зарчмыг барьж ирсэн. Тиймээс ч Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулж, чанартай боловсрол олгох загварыг дотооддоо нэвтрүүлэн Шинэ монгол эрдмийн хүрээлэн болтол нь өргөжүүлээд байна. Түүний яриаг товчлон хүргэе.
Улс орон хөгжье гэвэл боловсрол нь чанартай байх ёстой. Харин улс орны хөгжил уруудаж байгаа бол боловсролын чанар нь муу байна гэсэн үг. Иймд суралцагчдын суралцах орчинг сайжруулахын сацуу маш сайн боловсон хүчин бэлтгэх нь зүйтэй. Улаанбаатар хотын хувьд л гэхэд нэг ангид суралцах сурагчдын тоо, даац хэтэрсэн, үүнийгээ дагаад багш нарын ачаалал ихсэж хоёр талдаа хэцүү байдалд орж байна. Даац хэтэрсэн сургуулийн завсарлагааны цаг яг л Япон улсын метроны буудал дээр бужигнаж байгаа аятай байдаг шүү. Манай улс 2025-2030 он болтол нийт 157 сургууль барина. Сурагчдын даац хэтрэхээр өргөтгөл барьдаг, үүнийг болих хэрэгтэй. Энэ 157 сургууль өргөтгөл биш, шинэ сургуулийн тоо. Шинэ монгол сургуулийн менежментийг 30 сургуульд нэвтрүүлж, үр дүнгээ өгсөн. Тиймээс шинээр баригдах төрийн өмчийн сургуулиудад энэ менежментийг нэвтрүүлснээр боловсролын түвшин сайжирна.
"Шинэ Монгол" сургуулийн сурагчид
Сургууль бүр шилдэг төгсөгчөө багш бол гэж ятгадаг байх хэрэгтэй. Багшийн мэргэжил эдийн засгийн хөшүүрэгтэй байвал зүгээр. Жишээ нь: ЭЕШ-ын оноо 600 оноо байвал 600000 төгрөг, 700 оноо байвал 700000 төгрөг, 800 оноо авсан хүүхдүүдэд нэг сая төгрөг гэх зэргээр урамшуулах, 480-аас дээш оноотой хүүхдүүдийг хоёрдугаар курсээс голчийг нь харах зэргээр эдийн засгийн хөшүүрэгтэй байх хэрэгтэй.
УИХ-гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах
Мөн багшийн хомсдол, боловсон хүчний асуудлыг шийдэхийн тулд “Шилдэг төгсөгч багш” хэмээх хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан хүүхдийг шилдэг төгсөгч гэж үзнэ. Ийм хүүхэд багш болвол төр амлалт өгөх ёстой. 600-аас дээш оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсвэл төлбөрийг нь 100 хувь даахаас гадна сар бүр тэтгэлэг өгье. Илүү өндөр оноо авсан хүүхэд багш мэргэжлийг сонговол тэр хэрээр сайн нөхцөл санал болгох хэрэгтэй. Боловсролын зээлийн сангаас тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгоё. Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт авсныхаа төлөө орон нутагтайгаа гэрээ байгуулна. Төгсөөд гэрээний дагуу сум, орон нутагтаа очиж багшилна. Хэрэв байгуулсан гэрээнийхээ дагуу сум, орон нутагтаа очиж ажиллахгүй бол Боловсролын зээлийн санд тэтгэлгээ буцааж төлөх зохицуулалт хийе. Сургуулиа төгсөөд багшлахаар очиход нь ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлье гэж ярилаа.
Сурвалжлагч: Б.Туяамарал