6 Цагийн өмнө.
Менингококкийн вакцин худалдаж авна
Менингококкийн вакцин худалдаж авна

Менингококкт өвчний  эсрэг ”нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.

Менингококкт өвчний  эсрэг ”нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна гэж Засгийн газраас өнөөдөр мэдээллээ. Халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгажээ. 

Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй бөгөөд 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн байна. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байгаа гэв. 

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.

Б.Лувсанпэрэнлэй