Э.Пүрэвдалай: Судлаачид санаа бодлоо нэгтгэж, улс эх орондоо хэрэгтэй цогц шийдэл дэвшүүлдэг болоосой 
Мөн судлаачид маань бие биеийнхээ судалгааны ажлыг уншдаг болох, нэгийнхээ эрдэм шинжилгээний ажлуудаас эшлэл авдаг байх, хамтарч ажиллах тогтолцоо дутмаг байна гэж хардаг. МУИС, ШУТИС, ШУА-ын Физик технологийн хүрээлэн дээр тус тусдаа яг ижил сэдвээр судалгаа хийх тохиолдол байдаг. Гарсан үр дүн нь яг адилхан байлгах гээд байдаг юм уу, яах гээд байдаг юм бэ гэмээр.

Инженерийн өнцөг булангийн энэ дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбарын эрдэмтэн, МУИС-ийн багш, доктор Э.Пүрэвдалайтай ярилцлаа. Түүний олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр бий болсон инновац шингэсэн технологиуд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ үзүүлээд байгаа юм. Та бүхэн инженерийн ярианд анхаарлаа хандуулна уу. 

- Таны эрдэм шинжилгээний ажлын сэдвээс яриагаа эхэлье. Магистр хамгаалсан эрдэм шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлж япон улсад докторын зэрэг хамгаалсан. Хэдэн жил судалж байна вэ?

- Магистрт суралцах цагаасаа эхлээд нарны энергийг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх тухай буюу халаалтад яаж ашиглах чиглэлээр судалгаа хийгээд 13 жил болж байна. Нарны дулааны коллекторын технологийг монголд хэрхэн ашиглах боломжтой вэ? гэдгийг тодорхойлохын тулд төхөөрөмж болон системийн үйл ажиллагааг сайтар ойлгоход анх хоёр жил гаруй хугацаа зарцуулж байсан бол одоо загварчлах, оновчлох, үр дүнтэй систем бий болгож, хэрэглээнд нэвтрүүлэхэд судалгааны ажлаа чиглүүлээд явж байна.  

- Энэ сэдвийг сонгосон шалтгаан юу байв. Мөн монголд тохиромжтой байдал, судалгааны үр дүнгийн тухай яривал?

- Намайг МУИС-ийн магистрантурт суралцаж эхлэх үед агаарын бохирдлыг бууруулах асуудал хурцаар яригдаж, “Цэвэр агаар сан” зэрэг байгууллага бий болж агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, Засгийн газар гэр хорооллын айлуудад хас, өлзий зуухуудыг тарааж байсан. Түүнчлэн тухайн үед нарны дулааны коллекторыг урт хугацааны хэмжилт, туршилтгүйгээр хэд хэдэн хорооны байр болон гэр хорооллын айлуудад шууд суурилуулсан байсан. Шинэ технологи буюу нарны дулааны системд улс анхаарлаа хандуулах нь гэж ойлгоод судлаачид ч сонирхож, уг системийг угсарч суурилуулах зорилготой хэд хэдэн компани хүртэл байгуулагдсан байлаа. Би ч дотроо энэ чиглэл цаашид эрчимтэй хөгжих нь дээ гэж бодож байтал нөгөө тэрбумын зардлаар тавьсан системүүд нь эхнээсээ асуудал үүсгэж, ажиллагаа нь доголдож эхэлсэн. Мэдээж нарийн судалгаа, туршилт хийлгүй тавьсан учраас тэр байх. Удалгүй олны дунд ч сөрөг яриа гарч, нөгөө компаниуд ч эхнээсээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахаа больж эхэлсэн дээ. Компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон нь нэг талаас хүмүүсийн сонирхол, нөгөөтэйгүүр мэргэшсэн, нарийн мэдлэгтэй боловсон хүчин, инженерүүд байхгүй байсантай холбоотой байх. Тэр ч байтугай судлаачид хүртэл энэ технологи манайд тохиромжгүй буюу үр ашиггүй юм биш үү гэсэн өнгө аястай болж байсан. 

Харин миний хувьд “Амины сууцны халаалтад зориулсан нарны дулааны коллекторын хэмжилт судалгаа” сэдвээр магистрын судалгаа хийж, судалгааны ажлаа үргэлжлүүлж Токиогийн хөдөө аж ахуй технологийн их сургуульд “Хүйтэн бүс дэх нарны дулааны энергийн хэрэглээ, хөгжүүлэлт, загварчлал ба оновчлол” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хүрч ирээд монгол орны цаг уур, хэрэглээний онцлогт тохирсон нарны халаалтын системийн загварчлал, оновчлолыг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаад, эхнээсээ үр дүн гарч, хүмүүс сонирхож л байна. Хүмүүсийн сонирхлыг татах маш хэцүү. Яагаад гэвэл нарны системтэй хосолсон халаалтын системийн анхны зардал харьцангуй өндөр. Тиймээс хүмүүст болдог юм гэдгийг бодитоор үзүүлэх нь чухал байсан.

Ирээд анхандаа зардал өндөр учраас өөрөөсөө мөнгө гаргаад хийхэд санхүүгийн асуудалтай нүүр тулсан. Харин аав, ээж хоёр маань хүүгийнхээ судалгааны ажилд итгэж байна гээд намайг дэмжиж бүх зардлыг нь гаргаад Эрдэнэт хот дахь зуслангийн байшиндаа 2019 онд нарны коллектор, цахилгаан халаагуур, зуух хосолсон халаалтын систем тавиулсан. Энэ системийн онцлог нь өдрийн цагаар нар бусад цагаар цахилгаан халаагуур харин бүрхэг, тог тасарсан эсвэл хэт хүйтэрсэн гэх онцгой үеүдэд зуух ажиллаж сууцны дулааны ачааллыг хангадаг юм. Систем ажиллаж эхэлснээс хойш ямар нэг асуудал гарсангүй, ажиллагаа хэвийн явж байна. Дүн өвлийн хүйтнээр тэнд зочилсон хүмүүс гайхдаг, цахилгааны төлбөр ийм бага тэгсэн хэрнээ ийм дулаахан гээд л. Гэрт хүн байхгүй үед ч систем автоматаар байшингийн дулааныг барьж, паар хөлдөх зэрэг асуудлаас сэргийлчихдэг. Үзсэн хүмүүс бол нэлээд сонирхдог. Энэ чиглэлийг сонирхох компаниуд ч эргээд нэмэгдэх хандлагатай болсон гэж бодож байна. Үүнийг мөн нарны фото цахилгаан үүсгүүртэй хослуулж халаалтад ашиглаж болох тул хүмүүсийн сонирхол цаашид нэмэгдэх байх аа. 

- Нарны системийн анх суурилуулах зардал өндөр гэж та ярьж байна. Тухайн үед танай аав, ээжээс хэдэн төгрөгийн зардал гарч байсан бэ?

- Хэрэв суурилуулдаг компаниар хийлгэсэн бол багадаа 15 сая төгрөгийн зардал гарах байсан болов уу. Миний хувьд өөрөө худалдаж авах, суурилуулах гээд бүхий л ажлыг гардаж хийсэн тул долоон сая гаруй төгрөгийн зардал гарсан. Тэр үед аав маань хүүдээ итгээд судалгаа, загварчлал, оновчлол гээд бүгд хийгдсэн үр дүнтэй шинэ технологид хөрөнгө оруулсан гэсэн үг шүү дээ. Одоо бол хүмүүсийн сонирхол, хүлээн авах байдал, санхүүгийн чадамж гээд бас нэлээн учиртай болж байх шиг. Гэхдээ шууд гэр хорооллын айлууд руу нэвтрүүлнэ гэвэл боломж нь хэр билээ, хэцүү. Тиймээс бид бизнес талаас нь харж зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гал түлэхийг хүсэхгүй, нэг удаа томоохон хөрөнгө зараад цаашид урсгал зардлаа хэмнэх, байгаль орчинд ээлтэй амьдрах хүсэлтэй хүмүүсээс эхэлж моод дэлгэрүүлэх нь чухал.  

1 Доктор Э.Пүрэвдалай, МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн туршилтын цэг, 2024.01.23.

- Танай багийнхан нар, цахилгаан халаагуур, зуух гэдэг системийн оронд нар, цахилгаан халаагуур, газ гэж судалгаа хийж байгаа гэсэн. Энэ судалгааны үр дүн ямар байна вэ? 

- Хоёр жилийн өмнөөс энэхүү судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Нар, цахилгаан халаагуур, зуух хосолсон халаалтын системийн оронд нар, цахилгаан халаагуур, газ гээд оруулаад ирвэл илүү амар, онцгой нөхцөлд ч хүний гар оролцохгүй бүрэн автомат ажиллагаатай болно. Зуухтай системийн тохиолдолд бүрхэг өдөр эсвэл цахилгаан тасалдсан, хүчдэл унасан үед зуухыг ашиглахын тулд заавал хүний оролцоо хэрэгтэй болдог. Харин зуухны оронд хийн халаагуур ашиглавал энэ асуудлыг шийднэ, мөн орчны агаарын бохирдол ч эрс буурна. Яг энэ судалгааны ажил дээр өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш Юнигаз компани манайхыг дэмжиж, хамтарч, туршилтын хийн халаагуурын тоног төхөөрөмжөөр хангаж, зарим нэг судалгааны санхүүгийн зардалд дэмжлэг үзүүлээд явж байна. Бид нарны коллекторыг хийн халаагуур, цахилгаан теньтэй хослуулсан халаалтын гурвалсан системийг туршихын тулд лабораторийн стенд бүтээж, одоо лабораторийн туршилтууд хийгдээд, эхнээсээ үр дүнгүүд гараад явж байна.

Энэхүү системийн онцлог нь өдрийн цагаар нарны төхөөрөмж, 18:00 - 21:00 цагийн эрчим хүчний оргил ачааллын үеэр хийн халаагуур, 21:00-ээс өглөөний 06:00 цагийн шөнийн хөнгөлөлттэй тарифын үеэр цахилгаан халаагуур ажиллах зориулалттай. Энэ нь нэг нэгийхээ сул талыг нөхсөн, бохирдол багатай, бүрэн автомат, цахилгааны урсгал зардал болон газын хэрэглээг ч багагүй хэмнэж болох нэлээд сонирхолтой шийдэл юм. Хийг халаалтын хэрэглээнд нэвтрүүлэхийн гол асуудал нь манай улсад хийн дэд бүтэц сайн хөгжөөгүй, хэрэглэж сурсан соёл байхгүй байна. Ер нь хийн халаагуурыг нэвтрүүлэхэд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Ийм ч учраас эхний ээлжинд энэ шийдэлд хийн хэрэглээг маш багаар загварчилж, өвлийн саруудад ердөө оргил ачааллын үеэр хоёроос гуравхан цаг ашиглахаар төлөвлөсөн. Ингэснээрээ хийн баллоныг цэнэглэх хугацааг уртасгах, хийн хэрэглээг багасгах боломжийг өгч байгаа юм. Одоогоор айлд тавьж туршилтаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулж ирээд угсралт хийхээр зэхэж байна даа. 

- Системийн ажиллагааны талаар энгийн ойлгомжтой тайлбарлавал? 

- Нарны төхөөрөмжийг нарнаас дулаан эсвэл цахилгаан үйлдвэрлэх гээд ерөнхийд нь хоёр ангилж болно. Нарнаас дулаан үйлдвэрлэх системийн хувьд нарны дулааны коллектор болон дулаан хадгалах танк гэсэн үндсэн хоёр эд ангитай. Үүнийг байшингийн болон үйлдвэрийн халаалт, халуун усны хэрэгцээнд ашиглахад тохиромжтой. Гэхдээ дангаараа бол ач холбогдол багатай тул ихэвчлэн бусад халаагууруудтай хослуулж ашигладаг. Нарнаас цахилгаан үүсгэдэг төхөөрөмжийг нарны фото цахилгаан үүсгүүр гэдэг. Үүнийг бид нарны зай, нарны толь гэдгээр нь сайн мэднэ дээ. Үүнээс гарсан энергийг ч танканд дулаан болгоод хадгалах боломжтой. Энэ нь батарей ашигласнаас илүү хямд тэгээд найдвартай энергийн хуримтлуур шүү. Манай лабораторид энэ чиглэлийн судалгаа бас давхар хийгдээд явж байгаа.

Судалгаагаа, инженерүүдийг бэлтгэх ажлыг ч давхар хийж байна

- Жилийн өдрүүдийн олонход нь цэлмэг байдаг тул манай улсад нарны эрчим хүчийг ашиглах маш их боломжтой гээд ярьдаг. Ер нь бодит байдал дээр ямар байдаг юм бэ?

- Манайд нарны эрчим сайн, нарны нөөц сайтай гэдэг ойлголт харьцангуй цэлмэг тэнгэртэй байдагтай холбоотой. Нарны эрчим илүү хүчтэй байхын тулд эгц тусгалтай байх шаардлагатай. Гэхдээ зөвхөн эгц тусгалтайгаар үнэлдэг байсан бол экваторын бүсэд эгц дээрээс тусаж буй нар илүү их энергийг зөөх байтал ихэнх бүс нутгуудад манайхаас бага байдаг. Энэ нь агаар дахь чийг, үүлний урсан өнгөрөх масстай холбоотой. Таны хэлж байгаачлан манай оронд жилийн бараг 300 хоногт цэлмэг, үүлгүй өдрүүдтэй. Үүнээс үүдээд манай улсад нарны нөөц маш сайн үнэлэгдээд байгаа хэрэг. Олон жилийн дунджаар хамгийн их үүлшилттэй байдаг нь долоо, наймдугаар сар бол хамгийн бага нь нэг, хоёрдугаар сар байдаг. Эдгээр сард 3-4 хоногт үүлтэй байдаг бол энэ жилийн хувьд маш их үүлтэй, цастай өдрүүд олон тохиож байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй.

Гэхдээ арванхоёрдугаар, нэг, хоёрдугаар сард харьцангуй үүл багатай ч эсрэгээрээ нар агаар мандлыг туулах зай нь урт болчихдог. Өөрөөр хэлбэл нарны гэрэл налуу өнцгөөр орж ирдэг. Тухайлбал, зун цэлмэг өдөр үд дундад 1м.кв талбайд 1000 Вт давсан чадалтай энерги ирдэг байсан бол эдгээр сард 600-700 болж буурдаг гэсэн үг. Нарны эрчмийн хэмжээ буурхад энерги үйлдвэрлэх нь ч мөн багасна. Өвөл өглөөний 10:00 цагаас 16:00 цагийн хооронд нарны эрчим ашиглаж болохуйц хэмжээнд байдаг. Ердөө зургаан цаг хүрэхтэй, үгүй хугацаа. Үүнээс үүдээд хүйтний улиралд нарыг халаалтад ашиглах нь жаахан төвөгтэй байдалд оруулдаг. Тиймээс  үлдсэн 18 цагийг бусад төрлийн эх үүсвэр ашиглан халаалтыг шийдэх шаардлага гарч байгаа юм. Яах вэ, нарны энергиэр дангаар нь шийдэж болно л доо. Тэгэхийн тулд маш том хэмжээтэй нарны төхөөрөмж суурилуулж, дулаан хадгалах танкны хэмжээ ч мөн дагаад томрох шаардлага гардаг. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын зардлыг хэт өндөр болгодог. Тиймээс зардлыг бууруулахын тулд нарны нөөц, дулааны ачаалалд үндэслэн хосолсон системд орох халаалтын төхөөрөмжүүдийн чадлыг оновчлох шаардлагатай болдог. Дурын цахилгаан эсвэл дулааны инженерийн хийчих ажил биш шүү. Тиймээс бид нэг талаас судалгаагаа хийж, нөгөө талаас үүнийг тооцдог инженерүүдийг бэлдэх ажлыг давхар хийдэг. Харин хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр одоогоор илүү жижиг, дунд үйлдвэр лүү төвлөрч, загварчлалын ажлууд хийж байна. 

3 Ярилцлагын үеэр, МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн туршилтын цэг, 2024.01.23.

- Тэгэхээр ЖДҮ-үүд сонирхож байна гэсэн үг үү. Тэдэнд тохиромжтой сонсогдож байна. 

- Бидний хамгийн түрүүнд сонирхож байгаа зах зээл бол тэд, тэд ч бас биднийг сонирхож үйлдвэрийн байр дээрээ судалгаа хийлгүүлж, үйлдвэртээ тохируулаад систем загварчлуулдаг. Зарим үйлдвэрийн хувьд үйлдвэрлэлийн процесс ерөөсөө тасарч болохгүй онцгой шаардлага байна. Манай улсад үүсдэг эрчим хүчний доголдлууд үйлдвэрийн процесст тасалдал үүсгэдэг асуудлыг ярьж байна. 3-5 цагийн турш эрчим хүч тасарснаар тухайн үйлдвэр эдийн засгийн ямар хэмжээний эрсдэл хүлээх вэ? Тиймээс эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлаа хангахын тулд биднээр судалгаа хийлгүүлдэг болсон. Ер нь судлаач бидний үйл ажиллагаа ч бизнесийн зах зээлд хөл нийлүүлэхгүй бол төрөөс дэмжлэг авч түүгээр шийдэгдэнэ гэдгийг хүлээвэл бүтэхгүй шүү дээ. 

- Эрчим хүчний тасалдалгүй байх гэдэг нь үйлдвэрүүдэд хамгийн том давуу талыг бий болгож байгаа юм байна. Өөр?

- Тийм. Хоёрдугаарт тухайн үйлдвэрийн цахилгаан, дулааны хэрэглээг маш нарийн судалж, найдвартай байдлыг загварчилж, оновчтой системийг бүтээх аваас  нарны системийн анхны хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой. Үнэтэй цахилгаан авч ажиллаж байсан бол үнэгүй тогоор нөхөөд эхлэхээр урсгал зардлыг хэмнэнэ. Магадгүй 10 жилийн дараагаас үйлдвэрийн ачаалал нэмэгдлээ гэхэд нэг, нэг сетээр нэмж чадлыг өсгөөд байж болдог тул ирээдүйд олон давуу талууд үүсдэг. Энэ давуу тал нь өрхийн хувьд ч ялгаагүй. 

- Сул талыг нь хэрхэн багасгахаар судалж байна вэ? 

- Анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа нь хамгийн том сул тал болдог. Энэ зардлыг бууруулах болон гарсан зардлыг богино хугацаанд нөхье гэвэл судалгаа тооцоо мэргэжлийн бөгөөд маш нарийн байх хэрэгтэй. Тэгэхээр сайн судлаач, мэргэжилтнүүдийн асуудал байна. 

- Энэ системд ашиглах зүйлсээс монголд үйлдвэрлэдэг эд бараг байхгүй нь анхны хөрөнгө оруулалт өндөртэй холбоотой байх. Төрөөс гааль, татвар дээр ер нь хөнгөлөлт, дэмжлэг байдаг уу? 

- Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдаж, хэд хэдэн удаа сайжруулалт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор нар, салхины эрчим хүчний төхөөрөмжүүдийн гаалийн татвар бараг тэглэгдсэн. Батарей бол татвартай.

Судлаачийн зүгээс харахад төр зах зээлийн шударга өрсөлдөөнийг л бий болгох хэрэгтэй байна. Энэ салбарт олон компанийг гаргаж, зах зээлийн өрсөлдөөний замаар үнийг бууруулах хэрэгтэй. Нарны фото цахилгаан үүсгүүрт систем суурилуулдаг компаниуд дээр үүсдэг асуудлыг ярья л даа. Тэдгээр компанид тусгай зөвшөөрлийн асуудал гараад ирсэн. Үүнийг нь авахын тулд маш төвөгтэй шалгуурыг хангах шаардлагатай. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй компани хоёрын хооронд асар зөрүүтэй. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй компаниар систем тавиулах юм бол өөрийн үйлдвэрлэсэн энергийг улсад нийлүүлж болохгүй. Харин тусгай зөвшөөрөлтэйгөөр хийлгэвэл улсад нийлүүлэх боломжтой ч систем суурилуулах зардал маш өндөр.

Ийм зүйлээс шалтгаалан тусгай зөвшөөрөлтэй компани гарын хуруунд багтахаар цөөхөн байгаа учир зах зээлийн цэвэр өрсөлдөөн алга. Ер нь тав эсвэл 10 кВт-ын чадалтай системийг айлын зориулалтаар суурилуулах гэж байгаа бол 5 МВт систем суурилуулах гэж байгаа юм шиг тийм төвөгтэй тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах ямар хэрэг байна вэ? Хэдэн монопол компани гарчхаад бид нар л үүнийг чинь хийнэ шүү гээд сууж байвал цаашид хөгжихгүй. 

Нар, цахилгаан халаагуур, газ хосолсон систем нь орчны бохирдол, урсгал зардлыг бууруулна

- Ер нь халаалтын системүүдийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг тооцдог байх. Та бүхний системүүдийн байгаль орчинд ээлтэй байдал, хүлэмжийн хийг багасгахад хувь нэмрээ оруулах байдал нь ямар түвшинд байна вэ? 

- Мэдээж байгаль орчинд ээлтэй байх талаас нь харьцуулсан судалгаа хийж байна. Хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж байгаа халаалтын систем яалт ч үгүй цахилгаан халаагуур. Энэ нь юутай холбоотой вэ? гэхээр манай цахилгаан эрчим хүчний систем нь ашигт үйлийн коэффициент (АҮК) маш багатай 30-40 хувь, хамгийн өндөр нь 40, дунджаар 30 орчим байна. Ингэхээр 1 кг нүүрс түлэхэд 30-40 хувийг нь ашигтай энерги болгож байна гэсэн үг. Харин тэр нүүрсийг гэртээ аваачаад түлбэл АҮК 60-70 байх боломжтой. Тэгэхээр хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж байгаа нь цахилгаан халаагуур. Гэтэл нөгөө талаас нь харвал хамгийн их орчноо бохирдуулж байгаа нь зуух. Энэ хоёр бол манай улсад одоо байгаа халаалтын шийдэл. Агаарын бохирдол, эрүүл мэнд нэмээд олон улсын хүлээсэн үүрэг талаас нь яривал аль ч нь зөв шийдэл биш. 

Хамгийн бага СО2 ялгаруулалттай халаалтын систем гэвэл нарны төхөөрөмж байна. Үндсэндээ ялгаруулалт тэг. Гэхдээ дан ганц нарыг ашиглах нь эдийн засгийн хувьд боломжгүй тул хослуулах шаардлагатай тухай өмнө нь дурдсан. Хослуулаад ирэхээр мэдээж хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх тул системийг хэрхэн зөв холих, оновчлох вэ? гэдэг нь судалгаа, оновчлолын үр дүнд гарна. 

Манай улсад газаар халаалтыг хангаж, хүлэмжийн хий болон орчны бохирдлыг бага түвшинд барих нь байж болох шийдэл. Гэвч дахиад хэлэхэд манайд нэгдүгээрт дэд бүтэц, хоёрдугаар газын хэрэглээний соёл суугаагүй байна. Соёл тогтоогүй, судалгаа сайн хийгдээгүйгээс аюул үүснэ, гэмтэж, бэртэх, шатах гээд. Ийм байтал 200 мянган айлыг газ руу холбочихвол холион бантан болно. Цахилгаан машин руу шилжихийн өмнө хайбрид машин гарч ирснээр одоо асуудал багатай шилжилт хийгдэж байгаа шиг эхлээд газыг бага хэмжээтэй оруулсан системийг судалж, стандарт хангасан нэвтрүүлж болох газраас нь нэвтрүүлэх хэрэгтэй. 

Бидний судалж байгаа нар, цахилгаан халаагуур, газ гэсэн системийг амжилттай нэвтрүүлээд ирвэл байж болох хамгийн бага хүлэмжийн хийг ялгаруулж, орчны бохирдол, урсгал зардлыг ч бууруулах ач холбогдолтой. Бас нэг зүйл байна. Газ нэмэгдсэн ч энэ гурвалсан системийн анхны хөрөнгө оруулалтын зардал өсөхгүй бүр буурдаг гэдгийг онцолмоор байна. Одоогоор гарч болох асуудлуудыг тодорхой болгохын тулд лабораторийн туршилтууд явж байна. Туршилтын үр дүнд ажиллагааны горимуудыг тодорхойлж, айлд тавьж туршсаны дараа л олон нийт болон төрд ойлгуулах хэрэгтэй болно. Бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй, асуудалгүй гэдэг нь батлагдсаны дараа олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд төрөөс бага зэрэг татаас, дэмжлэгийн бодлогоор анхны хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад туслах хэрэгтэй болов уу. Бас дээр нь газыг аюулгүй түгээх дэд бүтэц үүсгэж байж энэ асуудал шийдэгдэнэ. 

- Анхны хөрөнгө оруулалтын зардал тодорхой хэмжээгээр өндөр байна. Гэхдээ манай Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад маш их хэмжээний хөрөнгө зардаг. Магадгүй, системийнхээ үнэ өртгийг үүнтэй харьцуулж бодож үзсэн болов уу? 

- Саяхан нэг сайт уншиж байтал “Цэвэр агаар сан” байгуулагдсанаас хойш гурван их наяд гаруй төгрөг зарцуулжээ гэсэн байна лээ. Энэ системийн анхны зардлыг 15 сая төгрөг гээд 200 мянган айлд хүргэлээ гэж бодоход яг л 3 их наяд болох юм байна. 

2 Доктор Э.Пүрэвдалай, МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, 2024.01.23.

- Тухайн үед ер нь судлаачдыг сонсож байсан юм болов уу?

- Судлаачид байсаан байсан. Эрдэмтэд санал бодлоо ч хэлж байсан. Тэднийг сонсож байсан уу гэвэл бас л тийм. Гэхдээ хэрэгжих түвшиндээ ороод ирэхээр огт өөр хувилбараар ашиг, бизнес талаасаа болчихдог талтай. Бас нэг хэлэх зүйл нь манай орны нөхцөл байдлыг эдийн засаг, хүн ам зүй, хүн амын онцлог, байгаль орчны онцлог, техник технологи гээд бүх талаас нь харж, дэвшүүлсэн судалгаа маш цөөн байсан. Тэгж санагддаг. Саяхнаас л олон талаас нь асуудлыг авч үзсэн судалгаанууд хийгдэж, тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ ажил болоод явж байгаа болов уу. 

- Манай улс шийдвэр гаргах түвшиндээ шинжлэх ухааныг урдаа тавьж явах нь хэр байдаг юм бол?

- Яах вэ, хурал зөвлөгөөн хийж сонсдог уу гэвэл сонсдог. Байнга л энд тэнд хурал болж л байдаг. Дээр хэлсэнчлэн хэрэгжих шатандаа өөр. Гэхдээ зарим тохиолдолд манай судлаач нар өөр, өөрсдийн чиглэлийн судалгааны ажил, түүнийхээ үр дүнг л яриад байдаг. Тэр нь бас цогц шийдэл болж чадахгүй байгаатай ч холбоотой байх. Гэтэл бусдын хийснийг сонсож, тэрний давуу талыг ойлгож, өөрийнхтэйгөө харьцуулж, бас нэгтгэж сул талуудыг нь нөхөх байдлаар манай орны нөхцөл, хэрэглээ, эдийн засагтаа тохируулж халаалтын технологи гаргавал цогц шийдэл болж болно шүү дээ. Ялангуяа манай улс шиг эрчим хүч нь доройтсон, эдийн засаг нь унасан, агаарын бохирдол гээд үүнээс үүдсэн эрүүл мэндийн асуудлууд үе шатныхаа хамгийн доор орчихсон яваа оронд цогцоор нь бодож, судалж байж шийдэл дэвшүүлэх хэрэгтэй. Энэ байдал нь зөвхөн нэг талын өнцгийг барьсаар өрөөсгөл болж, аливаа зүйл дээр хэн нэгэн илүү лобби хийснийгээ гаргаж ирж бизнес болгож явсны хор уршиг болов уу.

Микрогридүүд үүсгэж, төрөөс хөшгүүргийг нь зөв тавиад өрхүүдэд даатгах хэрэгтэй

- Гарч яваад гаднаас нь харахаар манай сэргээгдэх эрчим хүч эсвэл эрчим хүчний салбар ингэчих хэрэгтэй юм байна, үүнийг хийчхэж болдоггүй юм байх даа гэж өөрийн эрхгүй бодогддог. Салбартаа тээж ирсэн тийм бодлууд байгаа л байх даа?  

- Сэргээгдэх эрчим хүч гээд тэр чигээр нь авч үзвэл одоо хараад хэлэх хэд хэдэн өнцөг байна. Сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний салбарт орж ирэхээрээ зарим нэг асуудал үүсгэдэг гэсэн янз бүрийн сайнтай, муутай яриа байдаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд эрчим хүчний системд тодорхой хувь хэмжээнээс хэтэрвэл найдвартай, тогтвортой эх үүсвэр биш учраас эрчим хүчний системийг савлуулдаг гэж үздэг. Бид саяхныг хүртэл 10, 50 МВт-ийн баахан нар, салхины станц барьж, сүлжээнд холбосон. Энэ нь нэг талаас харвал эрчим хүчний үүсгүүрийн чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтууддаа хүрэх гэж хичээж байгаа нь тэр шүү дээ. Одоо бол нэмж, холбоход хэмжээ нь тулсан. Үнэхээр савлуулсан асуудал гарсан уу гэвэл тийм. Тиймээс тэр савлалтыг бага ч гэсэн тогтворжуулахын тулд 80 МВт/цаг -ийн батарей систем Сонгинод барьж, сүлжээнд холбосон. Энэ нь зөв үү гэвэл бас л тийм. 

Дахиад юу хэрэгтэй вэ гэхээр заавал их чадлын нарны систем сүлжээнд холбох биш бага, дунд чадлын микрогрид /microgrid/-үүд үүсгэх хэрэгтэй. Жижиг суурин газар, баг, хороо, тосгонд зориулсан 30 айлын дунд ч юм уу нарны микро системүүд үүсгээд явах юм бол тухайн айлуудын хэрэглээг сүлжээнд хүндрэл үүсгэхгүй хангахаас гадна илүүдлээ ч төвийн системд нийлүүлж болно. Харин микрогрид үүсгэхдээ батарейны асуудлыг айлуудад өөрсдөд нь даатгаад, хэр их хэмжээг хуримтлуулах нь таны асуудал гээд орхидог ч юм уу. Төр бүгдийг хариуцах биш иргэдийн үүрэг оролцоог нэмэх хэрэгтэй.

 Нарны системийн хамгийн том зардал бол батарей. Тэрийг айлд нь хариуцуулчихвал энергийн хэрэглээгээ хянаж эхэлнэ, хэрэв халаалтаа түүгээр шийдэхээр бол өөрсдөө байшингаа эхнээс нь зөв барих эсвэл дулаалах хэрэгтэй болно шүү дээ. Иймэрхүү байдлаар төр хөшүүргийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй л гэж харж байна. 

- Япон улсад микрогрид ашигладаг уу?

- Маш их. Өөрсдийнхөө эрчим хүчийг хангахуйц хэмжээний нарны систем тавьдаг, илүүдлээ улсдаа зардаг тохиолдол ч бий. Төрөөс хөшүүргүүдийг нь маш зөв хийгээд өгчихсөн, хууль, эрх зүйн орчныг нь тодорхой болгосон байдаг. Гаднын маш олон оронд бий. Манай улсын хувьд ч гэсэн эрх зүйн орчин, дүрэм, журам, стандартуудыг боловсруулаад оруулаад ирвэл их чадлын нарны станцууд гэхээс илүүтэй 300, 400 кВт-ын бага, дунд чадлын микро нарны станцууд аяндаа хөгжөөд ирнэ. Тэгэх юм бол санаа зовоогоод байдаг хүлэмжийн хий, орчны бохирдлыг бууруулж, олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд ч амархан болно гэж харж байна. 

- Таны хийсэн судалгаа, доктор хамгаалсан сэдэв их сонирхолтой юм. Бас үр дүнтэй. Өмнө нь энэ төрлийн сэдвээр судалгааны ажил хийсэн тохиолдол байдаг уу? 

- Миний хувьд суурь судалгааны ажилдаа маш их цаг зарж, шинжилж, нухаж хийсэн. Энэ ажил маань хэд хэдэн өгүүлэл болж, олон улсын нэлээн өндөр импакт фактортай “Renewable Energy”, “Energies” гэх мэт сэтгүүлд хэвлэгдсэн.

Суурь судалгааны дата сайн бол дараа дараагийн судалгааны өгүүллүүдийг гаргахад дөхөм болдог. Хүйтэн бүсэд гэж тодорхойлж авснаараа миний сэдэв онцлогтой. Дээрээс нь нарны систем дээр гарч болох асуудлууд, өөр халаалттай холих үеийн хүндрэлүүд, бохирдол, бохирдлын цэвэрлэгээний хуваарь гэх мэт жижиг асуудлуудыг ч тасралтгүй хийж хавсаргаж явсан.

Олон улсын хэмжээнд нарны энергийг янз бүрийн л асуудлыг шийдвэрлэхэд ашиглахаар судалсан судалгааны ажлууд бий. Судлаачид тухайн улс орныхоо онцлог, хэрэгцээнд тулгуурлаад л судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудаа хийж байна. Монгол Улсад гэвэл 1984-1985 оны үед манай академич н.Батмөнх, доктор н.Энхжаргал гуай гээд тэр үеийн эрдэмтэд бүр пассивдуу барилга барьж байгаад нарны хавтгай коллектор бүхий нарны энергийг халаалтад ашиглах чиглэлээр судалгааны ажил хийж байсан түүх бий. 

4 МУИС-ийн багш нар оюутнуудад зориулан цахим хичээл бэлтгэдэг. Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, 2024.01.23.

- Багийнхнаа танилцуулбал? 

- Манай МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори гурван судлаач багштай. Судалгааны лабораторийг ахалдаг, судлаач доктор А.Амарбаяр. Тэрбээр Пассив барилгын технологийг монголд нэвтрүүлэхтэй холбоотой судалгааны ажил хийдэг. Монгол орны нарны нөөцийг нарийвчлан судлах, тогтоох чиглэлээр ажилладаг судлаач, докторант Б.Онон, тэгээд миний бие байна. 

- Та бүхэн хийсэн, бүтээсэн технологиуддаа патент авдаг уу? 

- Юу хийснээсээ шалтгаалан патент оюуны өмчийн эрх авч болно. Ер нь авдаг. Жишээлбэл, нарны агаар халаагч коллекторын удирдлагын систем дээр патент авсан. Энэ нь нарны төхөөрөмжийг цахилгаан халаагууртай хослуулан ашиглахтай холбоотойгоор тохируулж, ажиллагааг удирддаг систем юм. Дээр нь газан халаалтын системийг өөр төрлийн системтэй холбох байдлаар патент авах гээд бичиг цаасны ажлыг нь хийгээд явж байна. 

- Үргэлжлүүлэн судалгаагаа хийгээд япон улсад үлдэх боломж байсан уу? 

- Монгол-Японы Засгийн газрын хамтарсан инженерийн боловсролыг дээшлүүлэх “1000 инженер” хөтөлбөрт хамрагдаж явсан анхны судлаачдын нэг. Тиймээс эх орондоо буцан ирж, улсдаа үр бүтээлтэй таван жил ажиллах үүрэг даалгавраа биелүүлнэ гээд ирсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байдаг. Маш сайн докторууд, инженерүүд бэлтгэгдэж гарсан гэж боддог. Одоо ч үргэлжилж буй энэ хөтөлбөрийн хүрээнд бидний судалгаанд ашиглах тоног төхөөрөмжүүд сайжирч, судалгаа хийх боломжууд ч илүү дээшилсэн. 

- Инженер хүний бодрол. Ийм л байвал гэсэн хүслийг сонсъё. 

- Миний хувьд бодож явдаг зүйл гэвэл дотооддоо хийж байгаа судалгааны ажлууд, их сургуулиуд, эрдэмтдийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаармаар санагддаг. 

Олон жилийн өмнө судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээний үндэслэлтэй ажлууд өнөөдөр давтагдаад гарч ирэхдээ цоо шинэ мэт л нийгэмд хүрч байна. Тэгэхээр судлаачид, эрдэмтэд судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудаа салбартаа болон нийтэд хүргэх, хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлыг нь таниулахад аль аль талдаа анхаарах хэрэгтэй болжээ. Салбарын яаманд хүртэл шинээр ямар судалгааны ажил хэвлэгдсэнийг мэдэхгүй хүмүүс ажиллаж байдаг. 

Мөн судлаачид маань бие биеийнхээ судалгааны ажлыг уншдаг болох, нэгийнхээ эрдэм шинжилгээний ажлуудаас эшлэл авдаг байх, хамтарч ажиллах тогтолцоо дутмаг байна гэж хардаг. МУИС, ШУТИС, ШУА-ын Физик технологийн хүрээлэн дээр тус тусдаа яг ижил сэдвээр судалгаа хийх тохиолдол байдаг. Гарсан үр дүн нь яг адилхан байлгах гээд байдаг юм уу, яах гээд байдаг юм бэ гэмээр. Үүний оронд уялдаа холбоогоо сайжруулж, тоног төхөөрөмжөө харилцан бие биетэйгээ ашигладаг болмоор санагддаг. Манай дээр байгаа тоног төхөөрөмжтэй яг ижлийг Физикийн хүрээлэн авах шаардлагагүй шүү дээ. 

Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь төрөлждөг, жишээлбэл би зөвхөн нарны систем, нарны дулааны коллектор судалдаг хүмүүсийн судалгааны ажил, өгүүллийг уншдаг бол гоё биз дээ. Төрөлжихгүй байгаа болохоор сайн шүүмж орохгүй, сайн шүүмжгүй юм чинь сайн өгүүлэл гарах магадлал буурч байна л даа. Мэдээж энэ нь судлаачдын тоотой холбоотой байх. Үүний тулд инженерүүд, байгалийн ухаан сонирхдог хүмүүсийн тоо нэмэгдэх шаардлагатай болох нь.

 Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон болох, цаашлаад салбарт илүү их мөнгө орж ирэх ёстой гээд олон асуудал ургана. Бүх юм уялдаа холбоотой учраас бусад хүчин зүйлээс хамаарч нэг судалгааны сэтгүүл хүртэл сайжрах нь, цаашлаад салбар сайжраад явах гээд байгаа биз. 

- Танай сургууль, тэнхимд элсэх, төгсөх оюутнуудын тоо хэр зэрэг байна даа?

- Жилд 40 орчим хүүхэд элсдэг ч явцын дунд шантардаг юм уу 20 орчим хүүхэд л төгсөж байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчийг сонирхох сонирхол, хандлага бий болж байх шиг байна. Сургалтын орчин бааз сайн бүрдсэн тул нэг үеэ бодоход чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой болсон. Манайхаас гадна ШУТИС, Хүрээ дээд сургуульд сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрүүд байдаг. Ингээд тооцвол улсын хэмжээнд нэг жилд багадаа 40 гаруй мэргэжилтэн төгсөж байгаа болов уу. 

5 Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, 2024.01.23.

Танд баярлалаа. Амжилт хүсье.