ХХХ хамба номун хан Д.Жавзандоржийн анх шавилсан хийд
ХХХ хамба номун хан Д.Жавзандоржийн анх шавилсан хийд
Улмаар 1991 онд дахин бурхны номын үйл хэргээ эхлүүлсэн тус хийдэд долоон ламхай шавилсны нэг нь Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн шинэхэн тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж байжээ.

Дөрөвдүгээр Жавзандамба хутагтын зарлигаар өдгөөгөөс  227 жилийн өмнө халхын Сэцэн хан аймгийн нутагт байгуулагдаж асан бурхны шашны Эрдэнэмандал хийд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод оршдог. Байгуулагдсан цагаасаа хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн, долоон дацан, дөрвөн хүрээ, олон тооны дугантай, өдөр тутмын хуралд нь 600 гаруй лам ном хурдаг томоохон хийд монгол орон даяар өрнөсөн их хэлмэгдүүлэлтэд өртөж оюун санааны устгалд орж сүйтгэгджээ.

Харин Монгол Улсад ардчилсан хувьсгалын үрээр эрх чөлөөт цаг ирсэн үест олон сүм, хийдийг сэргээсний нэг нь Эрдэнэмандал хийд юм. Улмаар 1991 онд дахин бурхны номын үйл хэргээ эхлүүлсэн тус хийдэд долоон ламхай шавилсны нэг нь Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн шинэхэн тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж байжээ. Мөн 2011 оноос тэрбээр ном эрдмийнхээ замыг эхлүүлсэн хийдийнхээ тэргүүн хамба ламын албыг гүйцэтгэн шашны үйл хэргийг хариуцлагатай зохион байгуулж иржээ.

Хийдийн үйл ажиллагаа жил тутам өргөжин тэлж буй бөгөөд дэргэдээ Баян-Эрхт хэмээх шашны сургуулийг нээж шавь суралцагчид бэлтгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.