Б.Амартүвшин: Элэгний хорт хавдрын гол шалтгаан нь B, С вирус
Б.Амартүвшин: Элэгний хорт хавдрын гол шалтгаан нь B, С вирус

Хавдраас сэргийлэх дэлхийн өдөр. Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгээс "Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр элэгний хорт хавдар, В, С вирусийн талаар тус  эмнэлгийн эмч Б.Амартүвшинтэй  ярилцлаа. 

- Манай улсад элэгний хорт хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?

- Элэгний өвчлөл маш их, жил ирэх тусам нэмэгдэж байна. Манай улс элэгний хавдраар хүн амд ноогдох тоо болон нас баралтаар дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр байдаг. Хорт хавдрын гол шалтгаан бол элэгний B, С вирус. Элэгний вирусээр оншлогдсон хүмүүс заавал эмчид үзүүлж хяналтад байх ёстой. Хэрвээ элэгний В вирустэй бол D вирусээ үзүүлэх шаардлагатай.

- Вирустэй иргэд хавдартай болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

- Шинжилгээнд хамрагдана. Хэвлийн эхо, компьютер томограф шинжилгээнд хамрагдаж  элгэнд ямар нэгэн хавдар, голомтод өөрчлөлтүүд илэрсэн тохиолдолд мэс заслын эмчид хандана. Ингэснээр тухайн хавдрыг тайрах, авах гээд ямар боломж байгааг тодорхойлно. Мэс заслаар тайрах боломжтой бол хагалгаа хийдэг. Бас боломжгүй тохиолдлууд ч байдаг. Үүн дээр ангиография, судас доторх оношилгоо хийж тухайн хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөх, хавдрыг түлэх аргууд байдаг. Мөн химийн эмчилгээ хийх боломжтой. Хавдрыг олон талаас нь багаараа эмчилдэг. Манай эмнэлэг энэ төрлийн мэс засал, эмчилгээ олон жилийн өмнөөс хийж эхэлсэн. 

- Элэгний В, С вирус хүнд байх ёстой гэсэн мэдээлэл иргэдийн дунд байдаг нь  хэр зөв ойлголт вэ.Энэ вирус түгээмэл байгаа шалтгаан юу юм бол? 

- Элэгний вирус бол хүнд байх ёстой зүйл биш. Ямар нэгэн байдлаар халдвараар авдаг. Хэрвээ элэгний вирустэй бол зайлшгүй тоолуулах шаардлагатай. Вирусээ тоолуулснаар эмчийн хяналтад орж  зохих эмчилгээг авч, вирусийг устгах, саармагжуулах арга хэмжээ авна. Вирустэй гэдгээ мэдэхгүй хугацаа алдсан тохиолдолд вирусийн тоо, өвчлөл өндөр байдаг. 2000 он болон түүнээс өмнөх жилүүдэд байсан “тариурын шар”-ын хор уршиг, халдвар одоо хүртэл явж байгаа. Вирус цус, бэлгийн замаар дамждаг учир халдварлан тархаж байна. 1990 оноос хойш төрсөн иргэдэд вирус харьцангуй бага. Төрсөн нярайд вирусийн эсрэг вакцин хийдэг болсон нь нөлөөлдөг.  

- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Вакцинд хамруулах боломжтой байдаг уу? 

- Урьдчилан сэргийлэхийн тулд зорилтот бүлгийн иргэд вакцинд хамрагдах ёстой. Вирустэй хүмүүс мэс заслын эмчид үзүүлж эмчийн хяналтад байж 3-6 сар тутамд эход үзүүлж байхыг зөвлөдөг.

- Вирусийг саармагжуулах, арилгахын тулд уламжлалт эмчилгээ, рашаан сайн нөлөөтэй гэх ойлголт иргэдэд байдаг. Энэ нь шинжлэх ухаан талаасаа боломжтой зүйл мөн үү? 

- В вирусийн эсрэг эмүүд байгаа. Тодорхой түвшинд барина уу гэхээс огт алга болгодог зүйл бол биш. Рашаан ардын эмчилгээний талаар бол мэдэхгүй байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Б.Лувсанпэрэнлэй