23 Цагийн өмнө.
Менингококкт халдварын улмаас сурагчдын ирц буураагүй
Менингококкт халдварын улмаас сурагчдын ирц буураагүй

ЕБС-иуд сурагчдадаа тогтмол маск зүүлгэж, ариун цэвэр сайн сахиулж халдвараас урьдчилан сэргийлж байна.

Менингококкт халдварын тохиолдол нийслэлийн Налайх дүүрэгт гарч нэг хүүхэд эндсэн харамсалтай явдал болсон. Мөн Баянгол, Баянзүрх дүүрэгт тус бүр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан. Эхний шинжилгээний хариу өнөөдөр гарсан бөгөөд Баянгол дүүрэгт бүртгэсэн тохиолдол сөрөг буюу халдвар илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин Баянзүрх дүүргийн тохиолдлын шинжилгээний хариу энэ сарын 6-ны өдөр гарна.

Үүний улмаас зарим эцэг эх менингококкт халдвараас урьдчилан сэргийлж хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхыг цахим сүлжээгээр илэрхийлж байгаа юм. Тэрчлэн зарим дунд сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөллийн фэйсбүүк хуудаст “айж түгшсэн, хүүхдээ хичээлд нь явуулах эсэхэд эргэлзсэн” мэдээлэл, сэтгэгдэл олширч байна. 

Боловсролын яамтай холбогдож энэ талаар тодруулахад “Одоогоор сургуулиудын ирц мэдэгдэхүйц буурсан зүйл алга. Тиймээс хэвийн гэж үзэж хичээл, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлахгүй” гэлээ. Ерөнхий боловсролын зарим сургуулиас тодруулж үзэхэд Менингококкт халдварын улмаас сурагчдын ирц буураагүй гэж байлаа. Тухайлбал, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш “Сурагчид хичээлдээ ирцгээж байна. Ирц хэвийн түвшинд байгаа. Цөөн эцэг эхчүүд  хүүхдээ хичээлд нь явуулахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн.  Бид сурагчдадаа тогтмол маск зүүлгэж, ариун цэвэр сайн сахиулж халдвараас урьдчилан сэргийлж байна” гэсэн юм.

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдийг гараа тогтмол угааж, амны хаалт маскаа сайн зүүж,  хамар хоолойгоо зориулалтын уусмалаар зайлах гэх мэтээр хувийн ариун цэврийг сайтар сахих нь халдвараас хамгаалах арга болно гэдгийг зөвлөж байгаа билээ. Мөн энэ төрлийн халдвар нь вирусийн гаралтай биш тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нийтээр нь хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. 

Б.Туяамарал