02 сарын 03, 2025
Deepseek-ийн R1 чатбот тэргүүлэв
Deepseek-ийн R1 чатбот тэргүүлэв

Зургийн эх сурвалж: Pexels

Хятадын хиймэл оюун ухааны Deepseek компанийн хамгийн сүүлийн үеийн загвар болох R1 нь физикийн асуудлыг шийдвэрлэх чадвараараа хиймэл оюун ухааны тэргүүлэгч америкийн OpenAI-ийн ChatGPT-г давсан гэж мэдээллээ. 

Хятадын шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэн нь шилдэг оюун ухаантнууд оролцсон тэмцээний асуултад хиймэл оюун ухааныг ашиглан хийсэн туршилтын үр дүнг өнгөрсөн сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлажээ. 

Тус хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 17-ны өдөр Хятадын Жянсу мужид зохион байгуулагдсан тэмцээнд Deepseek-ийн R1, OpenAI-ийн ChatGPT болон Anthropic-ийн Claude Sonnet-г ашиглан өгөгдсөн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Deepseek-R1  нийт 140 онооноос 100 оноо авч нэгдүгээр байранд орсон бол ChatGPT 97 оноогоор хоёрдугаарт, ClaudeSonnet 71 оноо авч удаалсан байна.

Харин Deepseek-R1 хиймэл оюун ухааны оноог тэмцээнд оролцсон хүмүүсийнхтэй харьцуулвал гуравдугаар байртай дүйцэж байгаа аж.

Мөн тус хүрээлэнгээс хиймэл оюун ухааны хариулт бүрийн онцлог шинж чанаруудад нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн байна. R1–тэй харьцуулахад ChatGPT-ийн хариултууд илүү хүнийхтэй төстэй бөгөөд нотлох асуултуудад өндөр оноо авсан байна. Харин R1 “нотлох шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан ч нотлох үйл явцыг хариултдаа оруулаагүй аж. 

“ClaudeSonnet санаанд оромгүй муу байж эхний хоёр асуултад алдаа гаргаж тэг оноо авсан бол сүүлийн хагаст ChatGPT-тэй ойролцоо оноо алдсан” гэж мэдээлжээ.  

Эх сурвалж: Livedoor