02 сарын 03, 2025
М.Ариунболд: 2022 оноос хойш улсын баярт монгол морь айрагдаагүй
М.Ариунболд: 2022 оноос хойш улсын баярт монгол морь айрагдаагүй

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос монгол адууны үүлдрийн стандартыг шинэчилж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.1 дэх зүйлд заасан монгол адуу уралдах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг шаардлаа.

Энэ тухай  МҮМУУХ-ны нарийн бичгийн дарга М.Ариунболд "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн адууг уралдуулахыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.1 дүгээр заалтаар  хуульчилсан. Гэтэл өнөөдрийг хүртэл уг хуулийн заалтыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Шадар сайд хэрэгжүүлэхгүй байна. 2022 оноос хойш улсын баяр наадмын хурдан морины уралдаанд нэг ч монгол морь айрагдаагүй. Нийт уяачдын 90 хувийг бүрдүүлдэг хөдөөгийн малчин уяачдыг эрлийз адуугаар хохироож байна" гэлээ.

Угхуулийг хэрэгжүүлэх саналыг Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт хүргүүлсэн байна. Мөн тус холбоо хоёрдугаар их хурлаа энэ сарын 17-нд Төрийн ордонд нээлттэй зохион байгуулах ажээ.

Б.Лувсанпэрэнлэй