Ийм номыг энэ цагт төрөлх хэлээрээ уншсандаа талархав. Магадгүй, ид номд шимтэж “донтож” байсан өсвөр насандаа олж уншсан бол “томчуудын зарим үйлдэл ямар жигшим юм бэ” гэж, харин 20 насандаа хуудсыг нь эргүүлсэн бол “арай ч дээ, муухай юм бэ” хэмээх бодол сэтгэгдэл тээх байсан болов уу. Харин юмсыг, хүмүүсийг буйгаар нь хүлээн авч, “яагаад ингэсэн юм бол доо, ямар нэгэн шалтгаан байж дээ” л гэж боддог болсон цагтаа уншсан тул зүгээр л энэ тэмдэглэлийг бичихээр шийдлээ.
Хэдэн жилийн өмнө англи хэл дээрх хувилбарыг барьж байгаад орхисон нь ч болж гэж эх хэлээрээ уншсан шиг ингэж ойлгооч уу, үгүй юу гэж бодов. Үүгээрээ энэ номыг англи хэлнээс орчуулсан О.Анударь, орчуулгын редактор Н.Жавхлан нарт талархаж байгаа юм шүү.
1965 оны наймдугаар сарын 8-ны өглөө Роберт Кинкэйд Вашингтон мужийн Беллингхем хот дахь хуучин байшингийн гуравдугаар давхарт байрлах хоёр өрөө жижигхэн байраа цоожлоод гарлаа. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 15-р тал/
1965 оны наймдугаар сарын 16 буюу даваа гаргийн өглөө эрт Роберт 65 дугаар чиглэлийн замаас салж, Де-Мойн хотоор хөндлөн гараад баруун зүгт Айова 92 дугаар хурдны замд нийллээ. Замын төгсгөлд, 100 ярд орчмын цаана “Ричард Жонсон, РР2” гэсэн бичээстэй шуудангийн хайрцаг тааралдахад Роберт хурдаа саан, эздээс нь зам асуух санаатай салаа жим рүү эргэлээ. Байшингийн саравч доорх довжоон дээр нэгэн эмэгтэй сууж байх нь харагдав. ... Бүсгүй саравчнаас дөхөж ирэхэд Кинкэйд ч түүнийг ширтсээр машинаасаа буулаа. ... /Мэдисон нутгийн гүүрнүүд, 32-р тал/
Ингэж Мэдисон нутгийн битүү гүүрнүүдийн зургийг авах даалгавартай замд гарсан “National Geographic” сэтгүүлийн гэрээт нийтлэлч-гэрэл зурагчин Роберт Кинкэйд, Ричард Жонсоны эхнэр, 17 настай Майкл, 16-тай Кэролин нарын ээж, итали гаралтай бүсгүй Франческа Жонсонтой учрав. 52 настай Роберт, 45-тай Франческа хоёрын дөрөвхөн өдөр хамт байсан ч бүх насаараа хайрласан, бүр амьдрал нь дууссан хойно ч “үргэлжилсэн” анир чимээгүй хайр сэтгэл. “Сэтгэлд мөнхрөх” гэж ийм зүйл байдаг юм болов уу гэдэг мэдрэмжийг төрүүлнэ.
1965 оны есдүгээр сарын 10. Хайрт Франческа минь, Захидалтайгаа цуг хоёр гэрэл зураг илгээлээ. Нэг нь нар мандах үеэр чи бид хоёр эдлэнгийн бэлчээрт хамт байх үед буулгасан зураг. Харин хоёр дахь нь Роузман гүүрний зураг. Чиний хадаж тогтоосон захиа цаана нь харагдаж байгаа. ...Тиймээс ч би “Зэт хэмжигдэхүүнээс ангижрахуй” хэмээх бэсрэг бичвэрээ чамдаа илгээж байна. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 43-р тал/
Энэ захиа, эл бичвэр хоёр бол зохиолын хамаг утга учрыг агуулагч билээ. Эдгээрээс агуулга салбарлаж, эргэн нийлж уншигчийг үл уйдаах, улам урвуулан татах “ажиллагаа” өрнөнө.
Роузман гүүрний зураг дээр харагдаж буй “чиний тогтоосон захиа” бол бүх зүйлийн гол бөгөөд зангилаа юм. 21 үгтэй ганц өгүүлбэрээс бүтсэн захиаг энд дурдахаас илүү номын хуудаснаас унших нь амттай байх биз ээ.
Франческа үнэхээр л чин сэтгэлээсээ Робертыг хайрлажээ. Түүний хайр бол жинхэнэ оюун санааны, ухаан бодлын хайр байсан. Гэхдээ жирийн биш онцгой хайр. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 167-р тал/
Замд явах чамд таалагдахгүй байвал би хаа нэгтээ суурьшаад нэг дэлгүүрт ч юм уу, тэндхийн аль нэг эд юм эсвэл хүмүүсийн хөрөг зургийг дардаг болчихсон ч яах вэ. Бид хамтдаа л явж байвал юу ч хийсэн болно. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 181-р тал/
Алдар Уильям Шекспирийн “Ромео Жулетта хоёр”-оос эхлээд номоос уншиж, урлагаас үзсэн олонх хайрын түүх цугтаа байхын, хамтдаа явахын, өөрийн “өмч” болгохын тухай байдаг. Харин Роберт Жеймс Уоллерын “Мэдисон нутгийн гүүрнүүд” бол өөр. Хайр сэтгэл, хариуцлага гэдэг хоёр зүйлийг нэгэн шугамд зэрэгцүүлэн тавьсан боловч эсрэгцүүлэн зөрчилдүүлсэн нь аймаар. Гэхдээ зөрчилдөөнийг ийм намуухан, тийм ухаалаг, энгийнээр шийдвэрлэж болдог гэж үү?
Зохиолч Роберт Жеймс Уоллер “Мэдисон нутгийн гүүрнүүд” романаа 1992 онд туурвижээ.
Алс холын холд тэр зэрэгцээ шугамууд огтлолцдог. Гэвч шугамууд огтлолцох тэр цэг ойртох тусам сарнин алга болдог. Үүнийг конвергенцийн үзэгдэл гэж нэрлэдэг. Бодит байдал дээр ч ийм үзэгдэл байж болохыг би мэддэг. Нэг бодит байдал нөгөө рүүгээ хальж орох явдал. Зөөлнөөр сүлэлдэн нийлэх ч гэх юм уу. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 220-р тал/
“Зэт хэмжигдэхүүн” нэртэй энэхүү бичвэрт конвергенцийн буюу ижилсэх үйл явцын тухай онцлон оруулсан нь өөрийгөө сүүлчийн ковбой гэж тодотгодог, ид шидэнд “итгэдэг” гол баатар Роберт Кинкэйдийн дүрийн өвөрмөц шинж чанарыг илүү тодотгосон бөгөөд Франческа тэр хоёрын учралыг зөвтгөх, ойлгох, хүлээн зөвшөөрөх сэдлийг уншигчдад өгсөн мэт.
Намайг дэлхийн хаана ч байсан утсаар ярих захиалга өгчхөөрэй. Тэгээд би төлчихнө. Бас би энд дахиад хэдэн өдөр байна. Миний хэлснийг сайн бодоорой. Би энд үлдээд асуудлыг шийдэж чадна. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 186-р тал/
1987 оны нэгдүгээр сарын 7. 1965 оны марктай, надад хаяглаж бичигдсэн бор дугтуйг сейфээс олсныхоо дараа та хоёр энэ захидлыг олж унших байх. ...Гэвч нэгэн логик зөрчил гарч ирсэн. Хэрэв Роберт Кинкэйд байгаагүй бол би амьдралынхаа эцсийн мөч хүртэл энд, фермд ингэж үлдэхгүй л байсан болов уу. ...Тэр хором мөч бүрд бодолд минь байсан. Түүний тухай бодож байгаагаа өөрөө ухамсарлаагүй байсан ч дэргэд минь байгааг би үргэлж мэдэрдэг байлаа. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 235-р тал/
Тэр яагаад үргэлж “Намрын навчис”-ыг тоглохыг хүсдэг байсныг би тэгэхэд л ойлгож билээ. Үнэхээр хайрламаар санагдсан шүү. Эмэгтэй хүнийг тэгж хайрладаг эр хүн өөрөө ч тийм хайраар хайрлуулсан нь дамжиггүй. /Мэдисон нутгийн гүүрнүүд, 255-р тал/
Уншиж дууссаны дараа энэ чинь бодит явдал бил үү? Үгүй шүү дээ, гэхдээ яаж? гэдэг бодол танд хамгийн түрүүнд орж ирж магадгүй. Тэгээд номын хуудсыг эхнээс нь эргүүлж ч мэднэ. Мэдисон нутгийн гүүр зохиол дэлхий даяар 60 сая гаруй хувь борлогдож, өнгөрсөн зууны хамгийн амжилттай номуудын нэг болсны нууц нь уншигчийн сэтгэлийг ийм мэдрэмж, сэтгэгдлээр догдлуулж, хөндөж чаддагтай холбоотой болов уу. Угтаа бол давхар өгүүлэмжтэй энэхүү зохиол нь бүхэлдээ зохиомол түүх юм.
Номын хавтасны гадна талд Пулитцерын шагналт, 200 шахам жилийн түүхтэй “Toledo Blade” сонины зүгээс бичсэн үг бий. “...Чанартай дарс шимж буй мэт хуудас бүрийнх нь амтыг мэдрээрэй...” гэдэг өгүүлбэрийг нь энд онцолъё.
Гарцгүй бол эрэгт үлдэхээс өөр аргагүй. Дотооддоо хайр гэдэг зүйлийг, хэн нэгнийг мөнхөлж орхичхоод хашхирч, цурхирч, хөвхөлзөн байгаа ч гаднаа аниргүй оршсон, санан мөрөөдөхийн шаналан, далдхан нуусан шархтай ч сэдрээгээд харахдаа жаргалтай болдог нам гүм хайр сэтгэлийн түүхийг эл номоос уншаарай.
Дашрамд өгүүлэхэд, энэхүү романаас сэдэвлэсэн ижил уран сайхны кино 1995 онд гарч байсан билээ. Сонирхвол юүтүүб сувагт бүтнээрээ байдаг. Гэхдээ киноны өмнө эх зохиолыг унших нь ихэнхдээ оновчтой шийдвэр болдог доо.