Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд үзэсгэлэн гарч байна.
"Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд" монументал урлагийн эскиз зургийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр “Бичиг соёл” галерейд боллоо. Уралдаанд арван уран бүтээлчийн 17 бүтээл оролцсоноос Б.Ганбаатарын "Мөнх тэнгэрийн тунхаг" бүтээл шилдгээр шалгарчээ.
Уран бүтээлч Б.Ганбаатар "Бүтээлдээ монголчуудын бичиг үсгийн түүхэн өвийг янтай дээрээ дээш боссон бийрийн хэлбэрт оруулан оройд нь монголчуудын язгуур гурван бэлгэдэл нар, сар, мөнхөд мандан бадрахын бэлгэдэл галыг оруулан дүрсэллээ. Мөн эх биед нь монгол, хүннү, кидан, дөрвөлжин бичиг болон али гали, соёмбо, хэвтээ дөрвөлжин, эвхмэл, вагиндрагийн, латин, кирилл үсэг, тод бичиг зэргийг дүрслэн түүхийн товчоон, өвгөдийн сургаал, бидний оршлын хураангуйг бүтээлдээ агууллаа" гэв.
ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй "Бичиг соёлын түүхийг урлагийн хэлээр залууст ойлгуулах, өв уламжлалыг өвлүүлэхийг зорилоо. Цаашлаад шилдэг бүтээлийг хотын гудамж талбайд барьж байгуулах ажлын эхлэл болж байна" хэмээлээ.
"Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд" монументал урлагийн эскиз зургийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Энэ жил тохиож байгаа "Чингисийн чулууны бичиг"-ийн 800 жил, "Дуутын хадны бичиг"-ийн 400 жилийн ойг тохиолдуулан тус арга хэмжээг зохион байгуулжээ. Үзэсгэлэн энэ сарын 31-ийг дуустал Монголын урчуудын эвлэлийн хоёр давхарт Бичиг соёлын галерейд гарна.
Б.Лувсанпэрэнлэй