2 Өдрийн өмнө.
Улаанбаатарт Ю.Цэдэнбалын нэрэмжит музей байгуулах хүсэлт гаргажээ
Улаанбаатарт Ю.Цэдэнбалын нэрэмжит музей байгуулах хүсэлт гаргажээ

Ю.Цэдэнбалын бага хүү Ц.Зориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын төрийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын бага хүү Ц.Зориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр асуудлыг хөндсөн юм. Тодруулбал, 1999 онд байгуулагдсан “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбал академи” ТББ-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож буй аж.

Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын туулсан зам, алдар гавьяаг мөнхөлсөн музейг Монгол Улсад түүний албан үүргээ гүйцэтгэн ажиллаж, амьдарч байсан газарт нь байгуулахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Энэхүү хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн байна.

Ц.Зориг “Увс аймгийн Улаангом хотод миний аавын музей бий. Аав маань зөвхөн Увс аймгийн хүн бус Монгол Улсын төлөө зүтгэсэн монгол хүн учраас Улаанбаатар хотод нэг музей байх зүйтэй болов уу гэж үзэж байгаа юм. Музейд аавын эзэмшиж, хэрэглэж байсан зүйлүүд түлхүү орох байх. Гэхдээ эд хөрөнгийг нь 1990 оны үед хууль бусаар, ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр хурааж авсан байдаг. Энэхүү үйл явдлыг эргэн харж хуулийн дагуу шийдвэрлэвэл тэрхүү эд зүйлс надад ирэх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар музей байгуулах асуудлыг шийдэж өгвөл миний аавын эдэлж хэрэглэж байсан зүйл монголын ард түмний хөрөнгө гэж би үздэг тул тэдгээр эд зүйлийг музейд нь байлгах болно” гэж ярилаа.