1 Өдрийн өмнө.
Халуун бууруулах эмийг зохистой хэрэглэхийг зөвлөлөө
Халуун бууруулах эмийг зохистой хэрэглэхийг зөвлөлөө

Иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.

Хүүхдийн халууныг бууруулах зорилгоор олон найрлагатай эмийг нэгэн зэрэг өгөх нь хүүхдийн элгийг гэмтээж эрхтэн тогтолцоог өвчлүүлдэг байна.

Энэ тухай Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Зэвэгээ "Амьсгалын замын өвчний үед цээж хонхолзох, амьсгал олшрох шинж нярай хүүхдэд ажиглагдаж байвал эмчид зайлшгүй хандах ёстой. Хүүхдийн амьсгалыг тоолохдоо хэвлий, цээж хэсгийг ил гаргаж, тайван амьсгалыг нэг минутын хугацаанд тоолно. 0-2 сартай нярайн амьсгал 60, 2-12 сартай хүүхдийнх 50, нэгээс дээш настай хүүхдийн амьсгал 40 болон түүнээс дээш байвал амьсгал олширсон гэж үзэн эмчид хандаарай" хэмээн зөвлөв.

Хүүхдийн биеийн халуун 38 хэмээс дээш бол эмийн аргаар, түүнээс доош бол механикаар бууруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.

Б.Лувсанпэрэнлэй