01 сарын 16, 2025
Монгол зураач А.Гэгээ “Хааны шагнал”-д нэр дэвшлээ  
Монгол зураач А.Гэгээ “Хааны шагнал”-д нэр дэвшлээ  

Эх сурвалж: А.Гэгээ зураачийн сошиал хаягаас авч ашиглав.

Нидерландын хааны нэрэмжит "Орчин үеийн уран зургийн шагнал"-ыг олгох үзэсгэлэн Амстердам хот дахь Хааны ордонд ирэх хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарыг дуустал дэлгэгдэх аж. 

Энэ жилийн шалгаруулалтад 379 зураачийн 1000 гаруй бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 15 уран бүтээлч үлджээ. Хааны ордонд бүтээлээ дэлгэх уран бүтээлчдийн дунд монгол зураач А.Гэгээгийн бүтээл тунан үлдсэн байна. Тэрбээр энэхүү шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцсэн ганц ази уран бүтээлч юм. 

zuraach_a_gegee_1 Эх сурвалж: А.Гэгээ зураачийн сошиал хаягаас авч ашиглав.

Дүрслэх урлагийн хамгийн эртний шагнал олгох үйл ажиллагаа хэмээгддэг эл үзэсгэлэн энэ жил 154 дэх удаагаа болох бөгөөд Виллем-Александр хаан нээж, ялагчийг зарлах юм байна. 

Зураач А.Гэгээ нь Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Аюурзанын охин бөгөөд өнгөрсөн онд Парис, Лондон хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ. 

Б.Лувсанпэрэнлэй