Жагсаалын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 гомдол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр энэ сарын 11-нд төв талбайд зохион байгуулагдсан Засгийн газар огцрохыг шаардсан жагсаалын нөхцөл байдал, бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Жагсаалын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 гомдол бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй зургаан гомдол ирж хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас 129 иргэнд зөвлөгөө, туслалцаа үзүүлж албаны автомашинаар ар гэрт нь хүргэж, гэр бүлд нь хүлээлгэж өгч ажилласан. Мөн жагсаалын үеэр иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчийн биед халдсан зөрчил гарсан. Үүнээс болж төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчийн савхан яс хугарсан, цагдаагийн нэг алба хаагчийн биед гэмтэл учирсан зэрэг үйлдлийг бүртгэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
Цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулагчдад албан бичгээр болон алба хаагчид хуулийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн жагсаалын үеэр алба хаагчдын биед халдах, төрийн тусгай объект рүү хүчээр нэвтрэхийг завдах, бие засах, зэрэг зөрчил гарсныг шалгаж байгаа аж.
Б.Лувсанпэрэнлэй