О.Алтангэрэл: Өршөөлийн хуульд хамрагдсан албан тушаалтнуудын хөрөнгийг хураана
О.Алтангэрэл: Өршөөлийн хуульд хамрагдсан албан тушаалтнуудын хөрөнгийг хураана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл санаачлан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн хөрөнгө хураах тухай хууль санаачилж, хувийн өмчид халдах нь буруу гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тус хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн төлөөлөлд танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

- Эрүүгийн хуульд үндэслэлгүй хөрөнгөжих болон хууль бус хөрөнгийг хураах тухай зохицуулалттай. Гэтэл хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх тухай тусгайлан хуультай болох шаардлага байна уу?

- Авлигын эсрэг хуульд хөрөнгө хураах тухай ганцхан заалт бий. Гэхдээ хуулийн заалтыг хэрэгжүүлэх процессийг нь зааж өгөөгүй. Яаж, хэн хийх нь тодорхойгүй болохоор хэрэгждэггүй. Дээрээс нь ямар журмаар хөрөнгүүдийг эрэн сурвалжилж, хайж олох тал дээр ямар ч журам байхгүй. Хууль байгаа гэж ярьдаг хүмүүс энэ заалт хэрэгжихгүй 23 жил болчихсон гэдгийг ерөөсөө ярьдаггүй. Ингээд л байлгаж байх хүсэлтэй байгаа юм. Ерөөсөө өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хувьд авлига, албан тушаалтнуудтай тэмцэхэд эрх зүйн орчин туйлын хүнд байсан. Удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийн татвараа нуун дарагдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгож, өршөөсөн. 

Тэр ч байтугай эрүүгийн хуулийн зүйл, заалт “хуулийн хулгай”-д хүртэл өртөж алга болсон тохиолдол гарлаа. Үр дүнд монголын нийгэм авлигад идэгдсэн. Би судлаачийн хувьд хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж байсан. Тэгээд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, сайд болсныхоо дараа шударга ёсны тэмцэлд ахиц гарах ёстой гэдэг үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Одоо бидний хүсээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ авлигачин, албан тушаалтнуудын хөрөнгийг заавал хураадаг байя. Өнгөрсөн жилүүдэд Өршөөлийн хуульд хамрагдсан, ямар нэгэн байдлаар өөрсдийгөө хаацайлаад гарсан нөхдүүдтэй эрүүгийн хариуцлага ярих бололцоо байдаггүй юм аа гэхэд тэр хураах ёстой байсан, хураагаагүй хөрөнгүүдийг нь хураана. Цаашдаа нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, төрийн өмчит компанийн захирлуудаасаа эхлээд хариуцлага үүрч байгаа нийтийн албан тушаалтнууд бүгдээрээ өөрсдийн ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя аа гэсэн энэ зарчмын дагуу хийж байна. Авлига, албан тушаалын хэргийг углуургаар нь таслан зогсооё. Дахиж авлигын гэмт хэрэг гарахад юун түрүүнд хөрөнгийг нь хураадаг энэ нөхцөл рүү аваачъя аа. Бид дахиад л хууль байгаа гээд орхивол дахиад 20, 30 жил хэрэгжихгүй, авлигачдын хөрөнгийг хурааж чадахгүй. Энэ хуулиар асуудлыг өргөс авсан юм шиг 100 хувь шийднэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигачдын хөрөнгийг төвлөрүүлэхэд маш том өөрчлөлт гарна гэж тооцож байна.

- Хэн нэгнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх нөхцөл бүрдүүлчих вий гэсэн болгоомжлол байна. Бусдыг хэлмэгдүүлэхгүй гэх баталгаа байна уу?

- Төрийн албан тушаал хаших хугацаандаа хөрөнгөжөөгүй бол хувийн хэвшилд хумхын төдий ч ойртохгүй. Энэ хууль хувийн хэвшилтэй ямар ч хамаагүй. Бизнес бол тусдаа асуудал. Гагцхүү нийтийн буюу төрийн өндөр албан тушаал хашсан бол хөрөнгийг нь шалгах, хянах тухай дагаж мөрдөх журмын тухай хуульдаа оруулж өгнө. Хамгийн түрүүнд өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүс буюу эрсдэлтэй хэсгийн жагсаалт гаргана. Энэ хүмүүсийг заавал шалгана гэдэг жагсаалт гаргана. Жишээ нь нэг төрийн өндөр албан тушаалтныг шалгалаа гэж бодъё. Гэтэл хүүдээ 600 саяын жийп, зургаан тэрбумын орон сууц аваад өгчихсөн, түүнийгээ тайлбарлаж чадахгүй бол хураахаас аргагүй шүү дээ. Авлигын үр шимээр бий болсон бол хураах ёстой. Тэгэнгүүт энэ хар даа ямар ч буруугүй хүнээс юмыг нь хураах гээд байна гэдэг ийм мушгисан, гуйвуулга их гарч байна.

- Хуульд төлөөний хүн гэдэг ойлголт оруулсан байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

- Хуулийн төсөл боловсруулах үйл явц зургаан сарын турш үргэлжиллээ. Дэлхийн хэд хэдэн улсуудаас туршлага судалж, хуулийн байгууллагуудын саналыг авсан. Тэгээд “төлөөний хүн” гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд шинээр оруулж ирье гэж ярьж байна. Ер нь энэ юу гэсэн утгатай вэ гэхээр манай албан тушаалтнууд тендер авахдаа, хууль бус юм хийхдээ дандаа нэг хүн явуулдаг. Өөрийнхөө 10 жилийн найз ч юм уу, ойр тойрны хэн нэгэн хүнээ явуулна. Шууд утгаараа хамаарал байна уу гэхээр байдаггүй, гэр бүлийн хүн нь биш байдаг. Тэр хүмүүс өмнөөс нь тендер аваад, юмыг нь “зуураад”, үр шимийг нь хамт хүртэж байна. Шалгая гэхээр шалгаж болохгүй байгаа юм. Ийм болохоор “төлөөний хүн” гэж гаргаж ирье гэсэн юм. Гэхдээ хуулийн зарчим гэж байна.

Бид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ. Дээрээс нь хувийн хэвшил рүү алхам ч ойртохгүй.

- Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана гэлээ. Одоо батлах гэж байгаа хууль нөхөж үйлчлэх боломжтой юу. Цаг хугацааны хувьд яаж зааглах вэ?

- Цаг хугацааны хувьд 2002 оноос хойш хууль бусаар олсон хөрөнгийг нөхөн төлүүлнэ. 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана гэсэн зарчим анх туссан энэ цаг хугацаанаас хойш л явна. Эрүүгийн эрх зүйд хөөн хэлэлцэх хугацаа дуусах, хууль нөхөж үйлчлэхгүй зэрэг том зарчмууд байдаг. Гэхдээ энэ зарчмууд нь ял шийтгэлтэй холбоотой болохоос биш хөрөнгө мөнгөнд хамаарахгүй гэж үзэж байгаа юм. Төрийн мөнгийг авсан, бусдаас авлига хээл хахууль авах замаар олсон, төрд хохирол учруулсан бол хурааж авах ёстой. Тэгэхээр 2002 оноос хойш өнгөрсөн 23 жилийн хугацааны асуудал яригдана.

- Та саяхан “Шударга ёсны тэмцлийн бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь утсан хүүхэлдэй болсон шүүгчид гэдэг нь тодорхой байна” гэж шүүмжилсэн. Таны санаачилсан энэ хууль хэрэгжлээ гэхэд шүүх шударгаар шийдэх үү?

- Шүүх засаглалын тухай би шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Гэтэл шүүх засаглалын хараат бус байдалд халдлаа гээд над руу дайрч байна. Хоёр жилийн өмнө “шувуу” ажиллагаагаар аваад ирчихсэн Бадамжунайгаа шүүж чадахгүй байна. Эрдэнэтийн Батхүү гэж хүний хэргийг л гэхэд 10 жил дамнуулж хэлэлцсэн шүү дээ. Гэхдээ сайн ч муу ч шүүх дээр очно. Монголын шүүх 99 хувьд нь шударга ажиллаж байна. Хулгай, дээрэм, танхайн хэрэгт холбогдсон залуус өдөр бүр махны машинд орж байгаа юм шиг л ар араасаа шийтгэгддэг. Хууль тэдэнд 100 хувь үйлчилж байна. Харин яг албан тушаалтан дээр ирэхээрээ нуран унадаг.

Сая монголын хууль хяналтын байгууллага найман сарын турш интерполоор эрэн сурвалжилж байсан этгээд Сингапурт саатуулагдлаа. Сингапур хуультай улс учраас таны асуудлыг шүүхээр хэлэлцэнэ гээд тов тогтооход түүнээс нь өмнө манай шүүх 24 цагийн дотор шийдвэр гаргаж, тэр хүмүүсийг суллаж байгаа байхгүй юу. Ийм асуудал байгаа.

Гэхдээ бид нар хуулиа, журмаа, шүүх доторх асуудлаа давхар цэгцлээд явахаас аргагүй. Ингэж зүтгэж, найдаж хийхгүй л бол хэзээ нэгэн цагт шүүх шударга болохоор гоё хууль гаргаж хөрөнгөө хураана гээд байж болохгүй шүү дээ. Бид хийх л ёстой. Өнөөдөр сайн ч муу ч энэ шүүхээр чинь яваад 700 гаруй хүн авлига, албан тушаалын хэргээр ял авчихсан байгаа биз. Энэ системийг ашиглаад хийхээс өөр аргагүй.