“Зүүдний хүүрнэлүүд” богино өгүүллэгийн номын нээлт боллоо.
Суурин соёлд шилжиж буй бидний өнөөгийн амьдралын тухай өгүүлэх “Зүүдний хүүрнэлүүд” богино өгүүллэгийн номын нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо. Залуу зохиолч, сэтгүүлч А.Сайханбаярын анхны ном. Улсын их дэлгүүрийн долоон давхарт уран зохиол, уран зураг, амьд хөгжим хоршжээ. Хотын завгүй амьдрал дунд үл анзаарагдах олон зүйлсийг тодруулах Д.Азжаргал Н.Хатанбүүвэй нарын "Гэрэл" уран зургийн үзэсгэлэнг номын нээлтэд зориулан дэглэжээ.
Уран бүтээлч Д.Азжаргал "Урлангийн дүү Н.Хатанбүүвэйтэйгээ хамтран гаргаж байсан "Гэрэл" үзэсгэлэнгийн зургууд маань "Зүүдний хүүрнэлүүд" номын нээлттэй концепцийн хувьд огтлолцож байна. Бодит дүрслэл буюу реалист болон тухайн цаг үед төрсөн мэдрэмжээ буулгадаг этюд хэлбэрийн зургуудаасаа сонгож дэлгэлээ. Харанхуйд хань болох олон зүйлс бий.Тиймээс өөрт байгаа бүхэндээ хайртай байгаасай гэсэн санааг өгөхийг зорьсон" гэлээ.
"Гэрэл" үзэсгэлэн дэглэсэн уран бүтээлч Д.Азжаргал
Уран зураг, уран зохиол хоёр бол салшгүй нэгэн хэсгүүд гэдгийг эндээс харж, сонсож болохоор санагдана. Нүүдэлчин иргэншлээс холдож буй суурин хотын амьдралын хэмнэлээс шалтгаалсан хувь хүний асуудлуудыг өгүүлэх 11 өгүүллэгээс ном бүтжээ. Номын зохиолч А.Сайханбаяр "Өнгөрсөн хугацаанд бичсэн хотын хэв маяг түүнийг туулахад мэдэрсэн зүйлсийн тухай богино өгүүллэгүүдээ багтаан анхны номоо хэвлүүлээ. Номын баярт МУБИС-ийн Утга зохиолын нэгдэл, Р.Чойномын нэрэмжит Залуу нас дугуйлан болон бусад яруу найрагч, сэтгүүлч оролцож өргөн дэлгэр сайхан болж байна" хэмээв.
“Зүүдний хүүрнэлүүд” номын зохиолч, яруу найрагч А.Сайханбаяр
Хотын амьдралын хурдан хэв маяг, дуу чимээ дундаас хэсэг өөрийгөө чөлөөлж амьд хөгжим, уран зураг, яруу найргийн сайхныг таашаан суух нэн таатай. Ажин түжин дотоод хүнээ сонсож суух нөхцөлийг бүрдүүлжээ.
"Зүүдний хүүрнэлүүд" номын редактор С.Батзориг
Номын редактораар ажилласан яруу найрагч, багш С.Батзориг "Хотын амьдрал дундах монгол хүний баяр гуниг, зовлон жаргал бүгдийг багтаасан бүтээл гарч байгаа нь өнөөгийн уран зохиолд онцлууштай явдал болж байна. Тэр тусмаа залуу зохиолчоос хүүрнэл зохиолын ном гарч буйгаараа онцлог юм. Сайханбаяр нь цаашдын уран бүтээлдээ том түлхэц болохуйц алхмыг хийлээ. Уншигчид маань өөрсдийн санал шүүмж дүнгээ тавих байх" гэж дүгнэв.
Урбан гэдэг шинэ тодотгол, шинэ үеийн хандлагатай хотын амьдрал, түүний баяр гунигийг энгийн хэл ярианы найруулгаар хүүрнэх нэгэн бүтээл уншигчдад хүрч байна.
Их хотын уйтгартай бөглүү хэв маягт аж төрөгч хэн бүхний дотоод ертөнц өөр өөр. Түүнтэй бид өдөр бүхэн зөрөлдөн өнгөрч, зэрэгцэн сууж аж төрсөөр байх болно.
Б.Лувсанпэрэнлэй