Ногоон тойм: СОР17-оор нээгдсэн санхүүжилтийн суваг, боломжууд  
Ногоон тойм: СОР17-оор нээгдсэн санхүүжилтийн суваг, боломжууд  

Ногоон тойм: СОР17-оор нээгдсэн санхүүжилтийн суваг, боломжууд  

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 энэ сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж, 197 талын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцсэн.  

Энэхүү бага хурлаас гарсан хэлэлцээ, шийдвэр, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл зэргийн мэдээллээс тоймлож есөн баримт болгож уншигч та бүхэнд хүргэж байна. СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн хурлын мэдээллээс хойш дэлхий нийтэд болон Монгол Улсад амласан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, хэлэлцээ, санамж бичгүүд тэдний мөнгөн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээг Засгийн газар, салбарын яам зэрэг эрх бүхий газар, албан тушаалтнуудаас гаргаагүй байгаа юм.

Баримт 1

СОР17 бага хурлын гол үр дүнг зарлахдаа таван тив, 23 улсыг хамарсан газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтэд зориулсан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдсэн. Үүний гол хэсэг нь 45 төсөлд чиглэсэн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт бөгөөд Монгол Улсын санаачлан албан ёсоор эхлүүлсэн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” /Rangelands Flagship Initiative/ юм. Энэхүү 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцаас 644.5 сая ам. доллар нь шинэ санхүүжилт бол 216.4 сая ам.доллар нь аль хэдийн баталгаажиж, хэрэгжүүлэх шатандаа шилжсэн байна гэж НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлсэн.

Баримт 2

СОР17 бага хурлын үеэр Азийн хөгжлийн банк болон олон улсын түнш байгууллагууд Газрын доройтол, цөлжилтийг сааруулах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх санаачилга /Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification-FIELD/-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд АХБ хоёр тэрбум ам.долларыг Ази-Номхон далайн бүс нутгийн газрын нөхөн сэргээлтэд татан төвлөрүүлнэ гэж мэдээлсэн. FIELD санаачилгын хүрээнд голын сав газрын менежмент, ойг нөхөн сэргээх, тогтвортой хөдөө аж ахуйд зарцуулах бөгөөд 2035 он гэхэд доройтсон нэг сая га газрыг тогтвортой менежментэд хамруулах зорилт тавьжээ.

Баримт 3

СОР17 бага хурлын Усны өдрийн үеэр Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (Drought Resilience Investment Facility-DRIF)”-г байгуулсан. Энэхүү сан нь ган гачгийн тэсвэртэй байдал, ялангуяа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох бөгөөд эхний шатанд 300–400 сая ам.долларын хөрөнгө бүрдүүлэх зорилт тавьсан гэж UNCCD мэдээлсэн байна.

Баримт 4

Дэлхий нийтээр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байдаг ч одоогоор жилд 77 тэрбумын хөрөнгө оруулалтыг л шийддэг тухай баримт байна. Тэгэхээр үүний зөрүү нь 278 тэрбум ам.доллар гарч байгаа бөгөөд энэхүү санхүүжилтийн цоорхойг нөхөхөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүжүүлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнд хүргэж, ахиц дэвшил гаргах тухай цаашлаад газрыг хэрхэн үр ашигтай зөв ашиглах, газрын доройтлыг бууруулж тэглэх вэ гэдэгт СОР17 бага хурлын төлөөлөгчид анхаарч ажиллажээ.

Баримт 5

Дэлхийн газрын 40 хүртэл хувь нь доройтсон бөгөөд 3.2 тэрбум хүн газрын доройтол, цөлжилт, гангийн нөлөөнд амьдарч байна. Харин Монгол орны газар нутгийн 81 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэдэг судалгааг СОР17 бага хурлын үеэр танилцуулсан.

Баримт 6

СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн бага хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд "Дэлхий нийтэд газрын доройтлыг тэглэж, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.доллар үүнээс Монгол Улсад нийтдээ нэг тэрбум 480 сая ам.доллар буюу таван их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээ, санамж бичгүүдийг байгуулсан" гэж мэдээлсэн. Үүнд:  

Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро,

Дэлхийн банктай 100 сая ам.доллар,

Уул уурхайн компаниудын 5000 га талбайд заг мод тарьж газрыг нөхөн сэргээхэд 130 сая ам.доллар,

Ногоон санхүүгийн корпорац, Хаан банкны 50 сая ам.долларын гэрээ хэлэлцээг амжилттай хийсэн.

Хотын дарга нарын чуулга уулзалтаар НЗДТГ Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, BYD компани, Дэлхийн банк болон НҮБ-тай хамтран гэр хорооллын яндаг цөөлөх, нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, авто зам, ногоон байгууламж байгуулах зорилгоор 400 сая ам.долларын гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн.

Номин компани Богд хаан ууланд ан амьтдад зориулсан экологийн нүхэн гарцын ажлыг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй хийхээр болсон. Энэ ажлыг манай улсад анх удаа хийх гэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил Засгийн газар хамтарч татварын хөнгөлөлт урамшууллаар гүйцэтгэхээр болж байгаа гэж мэдээлсэн юм.

СОР17-н Ногоон бүсэд дотоодын 53 байгууллага гадаад, дотоодын байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж нээсэн байна.

Баримт 7

Харин бусад эх сурвалжаас СОР17 бага хурлын үеэр хийсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, хэлэлцээний тухай хайж үзэхэд дараах мэдээллүүд гарч байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээний 1.48 тэрбум ам.долларт багтсан эсэхийг холбогдох байгууллагуудаас албан ёсоор тодорхойлоогүй байна. Үүнд:

Хаан банк Францын хөгжлийн агентлагийн харьяа Proparco байгууллагатай 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан. Үүний 30 сая ам.долларыг сэргээгдэх эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн төсөлд, 20 сая ам.долларыг орон нутгийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

Хас банк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Францын хөгжлийн агентлагийн харьяа Proparco хөгжлийн санхүүгийн байгууллагаас 40 сая ам.долларын санхүүжилт авах гэрээ байгуулсан.

Европын Холбооны санхүүжилттэйгээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Finance for Forests” буюу “Ойн санхүүжилт” төсөл СОР17 бага хурлын үеэр албан ёсоор эхэлсэн. "Ойн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ой хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой ойн менежментэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, 2030 он гэхэд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж төвлөрүүлэх зорилт дэвшүүлжээ.

СОР17 бага хурлын үеэр Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын сан /Green Inclusive Regional Agribusiness Fund-GIRAF/-г албан ёсоор нээж, хамтын ажиллагааны гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компани “Ди Би Эм ассет менежмент”-ийн төлөөлөл гарын үсэг зурсан. Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92,6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас нэмэлтээр босгохоор төлөвлөж буй 25 сая.ам доллар нийт 177.6 сая ам.долларын санхүүжилттэй тус сан нь эхний ээлжинд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжинэ. Сангийн эхний шатанд гурван сая ам.долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багц багтаж байгаа бөгөөд хөдөөгийн бизнесүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно гэж мэдээлсэн.

СОР17 бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компаниуд болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудад албан ёсоор танилцуулж, 863 МВт-ын төслийн багц бүрдүүлсэн. Харин бага хурлын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ногоон дата төв төслийн хүрээнд 36 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхээс 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт манай улсад орж ирнэ гэдэг мэдээллийг өгсөн.

Баримт 8

СОР17 бага хурлын үеэр хамгийн их хүлээгдэж байсан Дэлхийн гангийн гэрээг баталж чадсангүй. Бага хуралд оролцсон зарим талын төлөөлөгчид ган гачиг бол олон улсыг дамнасан дэлхийн хэмжээний асуудал гэхээс илүүтэй улс орнуудын дотоодын, бүс нутгийн шинжтэй асуудал гэж үзэж байв. Мөн энэ гэрээг байгуулах нь НҮБ-ын шинэ бүтэц, цаашилбал хүнд суртлыг бий болгож төсвийн хүрээг нэмэх шаардлага үүснэ гэж болгоомжилж байсныг олон улсын зарим хэвлэл онцолсон. Харин африкийн хөгжиж буй орнууд гангийн гэрээг батлахыг хүчтэй шаардаж байсан юм. Гэвч талууд зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас дэлхийн гангийн асуудлаарх шинэ тогтолцооны тухай хоёр жилийн дараа Египет улсад болох СОР18 бага хурлаар хэлэлцэхээр хойшлуулсан.

Баримт 9

СОР18 бага хурал хүртэлх хугацаанд буюу ирэх хоёр жил Монгол Улс СОР17-н даргын үүргийг гүйцэтгэнэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг СОР17-н ерөнхийлөгчөөр сонгогдсон. Даргалагч орон энэ хугацаанд СОР17 бага хурлаас гарсан шийдвэр, санаачилгыг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох, олон улсын түншлэл болон санхүүжилтийг үргэлжлүүлэх, талуудын зөвшилцлийг ахиулах үүргийг гүйцэтгэх юм.