М.Чинхүсэл /МУБИС, Утга зохиолын тэнхим/
“Хот минь
Хорин нэг дүгээр зууны хамгийн том алдаа минь” Ц.Х
Хүмүүнлэгийн ухааны олон эрдэмтний үзлээр бидний оршин буй энэ цаг бол постмодерн цаг үе болой. Энэхүү тодорхойлолт яван явсаар, өнөөгийн оюун ухаант хүмүүнийг “Постмодерн” сэтгэлгээт оршихуй гэх болоод бараг төлөв хагас зуун жилийг ардаа үлдээв. Сүүлийн жилүүдэд метамодерн сэтгэлгээ, мета хүмүүний тухай ихээхэн хийрхэх болсон ч, үгүй ядах нь аа монголчуудын хувьд метамодерн байтугай өнөөх “ПОСТ цаг үе”-ээ ч бүрэн ойлголгүй, андууран зүүрмэглэж яваа нь хэнд ч нууц биш. Тэгвэл постмодернизмд дараах үндсэн чиг шугамууд байгааг дурдвал:
будлиантуулсан/
Туйлын товчдоо өнөөгийн оюун ухаант хүн нь дээрх 4 мөн чанарыг эрхэмлэх болсон бөгөөд үүний гол шалтгааныг “Орчин цагт мэдлэгийн шинж чанар өөрчлөгдөж юуг мэдлэг гэх вэ гэдэг үзэл баримтлал хямралд орсон. Бүх нийтээр даган мөрдөж хүлээн зөвшөөрсөн үнэн гэж постмодерн цаг үед байхгүй болсон буюу утгаа алдсан, өнөө үед ийм боломж байхгүй болсон. Чухам ийм учраас судлаачид үл хөдлөх статик логикийг халж оронд нь паралогик гэдэг ойлголт гаргаж иржээ. Тогтсон ойлголтууд болон хатуу үнэнийг биш харин эсрэгээр чөлөөт байдлыг, инээмсэглэл болон ёж ухааны, нээлттэй байдлыг баримтлана гэсэн үг.”/Мөн тэнд 49-р тал/ хэмээн тайлбарлажээ.
Пост цаг үеийг дагаад бидний Монгол оронд урбан соёл нэвтэрч, нэгэн үеэ бодвол ёстой л харх, золбин нохдоор дүүрэн их хотын амьдрал үндсэндээ төлөвшиж эхлээд байх шиг.
Метро хотын иргэд “болох” гэж бараг л 30 жил зүдэрснээ бодохоор яруу найргийн хөгжлөөс ч хүлээх юм ихтэй. Гэсэн ч адуу мал хараад огшиж хачин болдог, барилдаж ноцолдохоосоо эхлээд омогшиж сүйд хийдэг “танай” монголчуудаас хотын уран зохиол, урбан яруу найраг нэхэх нь хэтийдсэн хэрэг болох биз.
Монголын нөхцөлд урбан яруу найраг нь нүүдэлчний соёл ба хотжилтын зөрчил, манай мегаполис хот болох Улаанбаатарыг тойрсон иргэний сэтгэл зүйн асуудлаар дамжин илэрдэг. Ийм завсрын шинжтэй уншигчид дийлэнх олонх учраас урбан яруу найраг нь ч мөн адил хэт хэлбэрдэх эмгэг шинжээрээ “цуутай” байгаа нь “Болор цом 2023” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч С.Начин “абугай”-н шүлгэнцрүүдээс тодорхой харагдах аж. Тухайлбал, яруу найрагчийг урбан “өвчтөнүүд”-ийн дунд ихэд таниулсан “Хавчаар” нэрт шүлэг нь,
Авах юм чи бид хоёрт яасан их байна вэ? хайрт минь
Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон байраас эхсүүлээд
Ор дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи л надад мэдрүүлсэн шүү /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х93/ хэмээн бидний өнөөх ариун яруу найргийг ахуйд нь хүлээлгэж, нялзаасан “аймшигтай” 4 мөрөөр эхлэх аж. Яруу найргийн хөгжил гэж яривал ондоо зүйл болох, гэвч их яруу найраг өдгөө хэдэн мянган жилийг дамнан хөгжиж ирэхдээ хэзээ ч ийм өчүүхэн илэрхийлэмжийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ бол аксиом ажгуу. Цаашилбал,
Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр
Хамтдаа агаар сороод, одод ажиглаж ээ зогсоход
Үс чинь салхинд хийсэж л таараа
Үсийг чинь салхинаас харамлахад хавчаар ч бас хэрэгтэй биз дээ /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х93/ гэсэн байгаа нь чухамдаа, хүүхний үс салхинд хийсэхийг үзээд бодсон бодлоос өөр юу ч биш аж. Энд яруу найргийн утга, шүлэглэх ур маяг, наад захын уран яруу дүрслэл ч алга (агаар сороод байгаа шүү бүр). Хэт прагматик шинжтэй эл текстээс жинхэнэ яруу найргийг эрэн хайгч та ямар гоо зүйг олж харна вэ? Мөн яруу найрагчийн уянгатай хэлбэрдэх нь хэтийдсэн “Наймантаа тайтгармуй” гэх сүржин нэртэй шүлэгт,
Сэрвэгэнэх зүүдний эрвэгэнэх хөлбөрөөн лугаа
Бие сэтгэлийн дотуур дураар жиргэх уянгат дууны чинь эгшигэнд согтож
Салхин сэвшээтэй нуурын долгиог өнө удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүнд нь живүүлэхэд
Бидэртсээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гунигт дүрийг тольдоход
Чивчиртэл татсан нумын үзүүрээс алдуурсан сум адил
Чиний нүд намайг ширтэхэд хоёронтой тайтгармуй /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х78/ хэмээн юу ч юмыг их л хөөрүү хөгжүүнээр дүрслэх аж. “Их” найрагчийн шүлгэнцэрт зүүд сэрвэгэнээд л, нуур долгиолоод л, сум алдуураад л, тэгээд нэг хүүхэн ширтээд л эцэст нь уянгын баатар өөрөө тайтгараад байх шиг. Урнаар дүрслэхийн дон шүглэсэн шиг хачин “авир араншинтай” шүлгэнцрийг урбан яруу найраг гэж ойлгоод байна уу даа, бид?! “Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн” байхгүй болсон постмодерн цаг үе ч гэлээ ядаж л хүний эрүүл ухаан хүчин төгөлдөр хэвээрээ гэдэгт бид эргэлзэх учиргүй юм. Согтоод, ширтээд, живүүлээд, тольдоод, тэгсэн гэнэт нүд ширтэнгүүт тайтгараад наасаан!
Толь мэт өөгүй сайхнаар дүрслэх, түүгээрээ дамжуулж уянгын баатрын үзэл хандлагыг тодруулах, зохиолч, цаашлаад хүртэгч хүмүүний мөн чанарын тусгалыг илэрхийлнэ гэдэг бол яах аргагүй сонгодог бичгийн хэл, үндэстний яруу найргийн уламжлал. Д.Нацагдоржоос эх авч, Б.Явуухулан, Д.Нямсүрэн, А.Эрдэнэ-Очир хүртэл үргэлжилсэн бидний яруу найргийн “ариун” уламжлал. 1990 оноос хойш гарсан хэлбэрийг хэт шүтэгсэд, яруу найргийн утгыг гээж модерн шүлгийг магтах болсон цаг үед ч эл яруу реалист шүлгүүд оршсоор байсан билээ. Энэ дуу хоолой яруу найрагч А.Эрдэнэ-Очирын
...Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов... /Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 222/ хэмээх яруу утгын чанадаас мөнхөд адил сонстох шиг. Энд амраг ижлээ гэсэн ариун гэгээн сэтгэлийг “Гэнэн хонгор шувуу”-тай зүйрлэж, түүний нисэн одохыг гэрлийн мянган долгис мэт хэмээсэн нь, цаашлаад тэрхүү үзэсгэлэнт эгшнийг “гэгэлгэн” хэмээн тодотгосон нь ч тэр энэхүү шүлгийн тусгаар байдал нь яруу найрагчийг, тэр ч байтугай уншигчийг ч хол хаяж зөвхөн ирээдүйд хүсэн тэмүүлэх яруу уянгын гайхамшигт хүрснийг илтгэжээ. Жинхэнэ яруу найрагт салхи, мод, шувуу, тэгээд хүнээр төвлөн уран дүрсэлж болдог. Тэгэх ч ёстой. Эцэст нь тэнд утга ч байх ёстой. Бүр яруу утга байх ёстой. Харин, …Ногтруу шувууд дэрсэн дундуур явгалан гүйлдэх шиг
Тийм эмзэг яруухнаар цочмоглон зүүрмэглэхдээ
Навчсын амирлангуй нярайлах үндсийг тэтгэж
Тэнгэр хэмээгч газраас асгарах борооны дусалд норохыг чинь үзэхдээ
Цасны ширхэгт хувилж, будар шудар хаялахад
Царай тань үлэмж гэрэлтэхийг харж гурвантаа тайтгармуй /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х79/ гэсэн мөрүүдээс бид шувууд “явгалан гүйлдэж” байхыг харж болох нь. Тэгээд навчис “нярайлж” байна, бороо “асгарч” байна, цас “будар шудар хаялаад” л байна, гүйцээ! “гурвантаа тайтгармуй”.
Эцэст нь энд ямар уран утга байна вэ? Өнөө л тэнд ч шувууд гүйлдэх /бүр явгалаад гүйлдэх юм гэнэ/, энд ч бороо орох, тэгээд цасны ширхэг хаялаад л царай гэрэлтээд ч байх шиг. Яруу найраг гэж хэлэхэд туйлын бэрхтэй энэ үзэгдлийг харин байгалийн зургийн “каталог” гэвэл оносон нэр болох. Мөр бүрийн хооронд ямар нэгэн дотоод холбоо, гүн утга, бэлгэдэл үгүй. Энд бол зүгээр л “би чамайг хараад тайтгарч байна” гэсэн нэг л санааг зургаан мөрөөр чирч сунгасан хэрэг.
Угтаа уянгын шүлэг гэвээс мөр нэг бүр нь нөгөөтэйгөө утгын сэжмээр хоорондоо амраглаж, “гэгээн хорвоогийн хуудас” бүхэнд гэрэлтэх увидастай байдаг бүлгээ. Тиймийн тул, Начин найрагчийн утгагүй энэ “завхайрлыг” шүлгэнцэр л гэж нэрийдхээс биш, эрхэм метро хотын уншигчид минь.
II
“...Хөлтэй их хотын гудамжинд саяхан
Хэрэг болгоод таны хажуугаар шүргэтэл
Хөдөө биш харин
Хөлс ханхалж байлаа…” Б.О
Орчин үеийн нийгэм, нийгмийн сэтгэл зүй, нео-либерализм, дижитал эрин үе, болоод хайр зэрэг томоохон сэдвүүдийг сонгож философи, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр “The Burnout Society”, The Transparency Society”, “The Agony of Eros”, “Infocracy” зэрэг томоохон бүтээлүүдийг туурвисан Өмнөд Солонгос гаралтай, Германы нэртэй философич Хан Бён Чоль өнгөрсөн зууныг дархлаа судлалын эрин үе гэж тодорхойлоод хүн ба нийгмийн дархлааны систем нь аль ч түвшин дэх харь зүйлсийг өрөөл байдлынх нь /otherness/ улмаас устгадаг гэж үзэв. Харин ХХІ зуун гарснаар харь, өрөөл зүйлс алга болж оронд нь ялгаатай байдал /difference/ гэх ойлголт үүссэн байна. Ингэснээр дархлааны системийг ажиллуулагч хүч буюу харь хэмээх ойлголт замхрав. Гэвч дархлаа судлалын ухаанд өрөөл зүйлс нь аливаа юмсын гүн рүү нэвтэрч үгүйсгэхийг оролддог бөгөөд харин нөгөө талаас “Би” нь өрөөлийн багахан хэсгийг өөртөө нэвтрүүлэх замаар дархлааны системийг ажиллуулдаг хэмээн үздэг ажээ. Ингэж дархлааны систем устсанаар үгүйсгэлгүй ертөнц бий болж “...бид үгүйсгэлгүй эрин үед амьдрах болжээ. Хорин нэгдүгээр зууны нейроны өвчлөл нь үгүйсгэлийн биш эерэгийн диалектикт захирагддаг. Эдгээр өвчлөлүүд нь хэт их эерэг байдлаас үүдсэн эмгэгийн төлөв юм" (ХанБёнЧоль. Тамирдсан нийгэм. УБ. 2020, х9) гэж үзэв. Энд эерэг байдал нь хүчирхийллийн маягтай байгаа гэж үзээд, эерэгийн хүчирхийлэлд дархлаа үйлчилдэггүй, учир нь эрх чөлөөтэй, энх тайван нийгэмд бий болдог зүйл гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий хэт эерэгших нь дархлаанд өртдөггүй хүчирхийллийн тогтолцоог бий болгож байна” хэмээн тодорхойлжээ.
Цаашилбал, эрин үе бүр өөрийн гэсэн эмгэгтэй, түүнийгээ дагаад тухайн ноцтой шинжийг хадгалсан өвчтөнүүдийг нийгэм нь төрүүлдэг аж. Бидний дунд эчнээ танил болсон бодгаль сэтгэл судлалын эцэг гэгдэх, Алфред Адлер энэхүү өвчнийг “давуу байдлын комплекс” гэж нэрлэсэн нь туйлын оносон нэршил болж, сүүлийн жилүүдэд, сошиал хэрэглээний өсөлт, хагас-дижитал эрин үетэй “халаалтгүйгээр” тулгарч байгаа бидний сэтгэлгээ тэрхүү өвчнийг тээгч болж хувирчээ. А.Адлер “дутуугийн мэдрэмж” гэсэн нэр томьёог бий болгож, бие эрхтний болоод сэтгэл зүйн хувьд бусдаас дутуугаа мэдрэх нь хэвийн буюу бие хүний амжилтад хүрэх үндэс болдог гэж үзсэн буй. Харин давуу байдал нь үүнээс эсрэг үйлчлэх буюу “...тэднээс давуу байдалд хүрэх хүсэл тэмүүллийг олж харна. Тухайлбал, “Би залхуугүй сэн бол ерөнхийлөгч болох байсан” зэргээр өөрийгөө бүтээдэг хүсэл тэдэнд байдаг. Энэ утгаар нь тэднийг өсөж хөгжиж, өөрчлөгдөж, нөхцөл байдлын төлөө тэмүүлж байна хэмээн хэлж болох юм. Тэд өөрсдийнхөө талаар асар өндөр зэрэглэлийн төсөөлөлтэй. “Хэрэв би ..." байсан бол хангалттай амжилтад хүрэх байсан гэж үргэлж сэтгэдэг. Энэ нь өөрийгөө мэхэлж байгаагийн илрэл. Мэдээж уран сэтгэмжийн шинжтэй, хүн төрөлхтөн уран сэтгэмжийн тусламжтайгаар сэтгэл ханамж авдгийг бид бүгд мэднэ. Мөн энэ байдал нь хангалттай эр зориг байхгүйн шинж юм. Тэд өөрсдийгөө хүч чадалтай гэдгээ мэдэрдэггүй учраас тулгарсан бэрхшээл саадаас үргэлж зугтдаг. Өөрсдөөс нь хавьгүй ухаалаг, хүчтэйг мэдрэхээс татгалзаж, дээрх байдлаар зугтдаг. /Адлер А. Амьдрахуйн шинжлэх ухаан. УБ. 2025. х59/ хэмээн тодорхойлсон байна. Энэ мэт “давуугийн комплекс”-ийн эмгэг шинж манай нэр цуутай зохиолч, яруу найрагчдад, олон хүн цугласан газар очиж чанга дуугаар шүлгээ унших, болсон болоогүй номон дээрээ гарын үсэг зурах, элдэв янзын дуураймал үйлдвэрлэх агуу ихийн “дон”-гоор илэрдэг ажээ.
Наадмын “Их” яруу найрагч С.Начингийн давуугийн комплекс нь “Цаг хугацааны хээ” хэмээх налиг түүврээр илэрсэн нь бий. Тус түүвэр нь “Он цагийн мөнхийн хэлхээ”, “Цээжин доторх эрхтэн бүхэн нулимстай”, “Уяан дээр сүсэгтний морь зүүрмэглэнэ” гэсэн 3 бүлгээс бүрдэх бөгөөд “Хайртай”, ”Автобусанд харсан бүсгүй”, ”Гунигшил”, ”Чиний тухай бодохгүй байж чадахгүй” гэх мэтчилэн шүлгүүдийг монголын яруу найраг дахь шинэ “үзэгдэл” гэж тодорхойлж болмоор юм. Шинэ хэмээсний учир нь гэвээс ердөө л сайн муугийн аль ч биш, яруу найргийн ямар ч класст эрэмбэлэгдэж боломгүй “онцгой” хуулбар, тайзны шүлгийн онцгүй хэлбэр үзэгдэл байх ажээ.
Утга зохиол судлаач Жонатан Каллер “Орчин үеийн ойлголтоор яруу найраг нь өмнөх шүлгүүдийн утга санаанаас үүдэлтэй интертекст шинжтэй бүтээл бөгөөд үүнийг бүрэн удирдаж хянах боломжгүй. Шүлгийн цул байдал нь яруу найргийн өөрийн шинж чанар биш, харин тайлбарлагч, судлаачдын эрэл хайгуулын үр дүнд бий болдог зүйл болсон.” /Каллер Ж. Утга зохиолын онол. УБ. 2026. х100./ хэмээн тодорхойлсон байдаг. Нэг үгээр хэлбэл орчин үеийн утга зохиолын онолд ерөөс яруу найраг гэж саланги тусдаа юм байхгүй. Шинэ ч юм байхгүй аж. Чухам яруу найргийн текстээс, уншигчийн тогтоож буй онцгой харилцаа, судлаач, шүүмжлэгчдийн тайлбар өгөх боломжийг л эрэн хайх нь чухал шиг байна. Ер ийм юмгүй “ховоо хонгио” шиг шүлгийг бид усан шүлэг ч гэж нэрлэдэг. Тухайлбал “Цаг хугацааны хээ” түүвэрт орсон “Хүлээлт” нэрт шүлэгт,
очтох харцанд тодорсон бүдэг бадаг гэгээ шиг
энэ сэтгэлийн минь нууранд чиний гунигт нүд
эгцэлж ширтэхгүй байя гэвч, нулимсаараа эгшээх
одон тусгалт тэр л сувдан бөмбөлгүүдийг хагалах надад хяслантай гэх буюу,
***
чи минь, чи минь дээ
яах гэж намайг анхнаас нь
яруу найргийн хөлгүй их далайд
чангахан атгасан гараасаа салган байж шидсэн юм бэ? /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х179/ хэмээсэн нь өнөөх л эх адаггүй уянгын халил, юунд ч юм шаналан зовох сэтгэлийн улиг болсон хослол ажээ. Эхний бадагт “бүдэг бадаг гэгээ”, “гунигт нүд”, “нулимсаараа эгшээх”, “сувдан бөмбөлгүүд” гээд л уянгат үгсийн үер… Дараа нь “яруу найргийн хөлгүй их далайд” шидэгдсэн тухай эв дүйгүй “гүн ухаанч” оролдлого хийсэн байх юм. “Өвөл далай хөлдөх”, “гурван сар бясалгах”, “салхи сэвэгнэх” гэх мэтээр өнөөх л улиг болсон үгсээ сэхээ өгөлгүй урсгаж өгөх нь яруу найрагч өөрийн шүлэглэх авьяасгүйгээ мэдэрдэг ч давуугийн комплексынхоо шантаажаар “гайхамшигтай” уран чадвартай гэж өөртөө итгүүлж буй хэрэг аж.
Манай яруу найрагчдад хурцаар илэрдэг нэгэн “өвчин” нь өөрийгөө Шекспир эсвэл Пушкин гэж төсөөлөх, агуу их Македоны Александр ч юм уу, Нарциссын домгийн “гол дүр”, эгээ л Есүс гэж боддог “аймаар” хам шинж байдаг. Энэ үзэгдлийг “Начиндах” комплекс гэж нэрлэвэл зохимоор шиг шүлгэнцрүүд нэлээдгүй байгаагаас дурдвал,
Ус залгих мөчид нүдээ анихад
Уруул чинь
Уруулд минь дүрээ тольдсон нь санагдах
Би чамайг мартаж болдог
Чи намайг огт мартдаггүй
Мөн ч уянгатай орчлон юм даа /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х91/ гэх буюу
Хаврын бороо хадаг шиг намиатаад асгарахад
Цээжний хөндийд өвөлжсөн тогорууд
Харанхуйг залгилсаар гэрэл гэгээ рүү нисдэг сэн
Одоо, яг одоо л бичих нас минь ирсэн гэдгийг
Бийрээ хараахан будгандаа дүрэхээс эмээсэн зураач шиг
Оюун ухааныхаа далайг гатлах сал сүлжиж зогсохдоо мэдэрнэм? /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х142/
Айх аюул, түгших сэтгэл хэдий төрөхгүй байгаа ч
Тэр уйлж буй мэт, цөхрөн шаналж буй мэт
Ажиж сайтар сонордвол, зүрх минь шив шинээрээ
Цохилж буй шүү гэсэн мэт
Тэргүүнээ өлийлгөөд ихэмсэгхэн заларна
Хүрч тэмтэрч, амталж мэдэрье гэвч...
...Яах вэ? байз нүдээ аниад түүний бие рүү нэвтрэх гээд үзье!
Яруу найрагч байх ай... ай... яасан их жаргал вэ?/Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х189/
гэсэн нь давуугийн комплексынх нь хатгаасаар туурвин бичихүйд нь гүн суусан мегаломаниак /өөрийгөө агуу гэж хийрхэх сэтгэлзүйн эмгэг/ шинж юм. Үүнийг сэтгэл судлалд “Ийм хүмүүс төсөөллөө бараг л үнэн мэтээр сэдэж, гол дүрд нь тоглодог. Тэд амьдралаас төсөөрсөн хүмүүс бөгөөд тэдний өнгөрсөн амьдралыг судалбал дутуу дулимгаа хүчтэй мэдэрсэн, түүнийгээ даван туулахдаа давуу байдлын комплексоо хүчтэй хөгжүүлснийг нь олж харна.” /Адлер А. Амьдрахуйн шинжлэх ухаан. УБ. 2025. х66/ хэмээн тодорхойлсон нь бий.
Бүхэлд нь авч үзвэл, “Цаг хугацааны хээ” түүвэрт хэн нэг хүүхнийг санаж бэтгэрсэн, түүнийгээ мартах гэж эсвэл хайрлах гэж хичээсэн “ужиг төвөгтэй” шүлгүүд дийлэнх олонх бололтой. Энэ мэтчилэн шаналант сэтгэл, сэтгэлийн гунигт мөчүүдийг дүрсэлсэн илэрхийлэмжүүд монголын яруу найрагт цөөнгүй бий.
“Гургалдайн жиргээт үдшүүдийн ариун цэнгүүнд
Гунигт сэтгэлийн минь мөчир дээрх зовлонгийн үр хийсэж одно...“
***
Сүүмэн сүүмэн буцсан жингийн тэр л цуваанд
Сүүтэн сүүтэн буусан гунигаа дайгаад явуулахаас даа
“Цаг хугацааны хээ” түүврээс энэхүү гунигийн өгүүлэмжийг ядмагхан ашигласан зүүрмэг шүлгээс дурдвал,
Холдож чаддаг чи надаас, яг л ойртож буй мэтээр
Ховсдож чаддаг чи намайг, яг л яруу найраг мэтээр
Дөнгөж илчээ алдаагүй лаа мэт чиний нүдэнд
Дасал болсон уйтгар гунигаа өлгөж орхисон байдаг би
***
Юу чинь тэгтлээ их соронзддогийг хэлж чадахгүй мөрүүд минь
Амьсгалдаа бүдэрмэгц чи уруулаа будаж суудаг
Юуг ойлгох гэж чамаас хариу ч үл хүлээн
Амьдралын дугуй тойрогт үхээд л байдгаа харин
Хэзээ ч ойлгодоггүй ээ би /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х126/ гэсэн байх юм. Дээр өгүүлсэнчлэн, шинэ үеийн яруу найраг “интертекст” шинжтэй, өмнөх үеийн шүлгүүдийн “цуурайнаас” төрдөг нь үнэн зүйл. Гэтэл энд зүгээр ч нэг цуурай биш, харин цуурайны цуурай, дуураймлын дуураймал байх нь эмгэнэлтэй. “Их” найрагч шүлгүүддээ яруу найраг шиг, яруу найрагч шиг гэх мэт “ядмаг” зүйрлэлүүдийг ихээхэн ашигласан нь нэг бол яруу найргийн авьяас илтэд дутсаных, нөгөө бол үнэхээр л цусны “шүлэгч этгээд” болохын шинж дэг ээ.
Угтаа бол “чи намайг ойлгохгүй, би чамайг хүлээж байна, чи яг л яруу найраг шиг” хэмээх аль хэдийнээ олон зуун удаа хэлэгдсэн санааг дахин давтаж, түүнийг “шинэ” мэт харагдуулах гэж өнөөх л урт удаан, увайгүй мөрүүдээр сунгасан хэрэг аж. Ер нь л манай шинэ үеийн яруу найрагчид амар хялбараар нэр хүнд олох, хуулбарлаад ч хамаагүй олонд танигдах, тоогдох мэтсийн олхиогүй санаатай байдаг нь нууц биш. Энэ үзэгдлийг А.Адлер “Хулгайч хүүхэд ч давуу байдлын мэдрэмжтэй. Тэрээр хулгай хийж байгааг нь хүмүүс мэддэггүй, тэднийг хулхидаж байна гэдэгт итгэж, өчүүхэн хичээл зүтгэлээр баян болно гэдэгтээ итгэж үнэмшинэ. Би баатар хэмээн боддог гэмт хэрэгтнүүдийн дунд иймэрхүү мэдрэмж түгээмэл байдаг.” . /Адлер А. Амьдрахуйн шинжлэх ухаан. УБ. 2025. х59/ хэмээн тодорхойлсон нь бий.
Яруу найрагч С.Начингийн шүлэгт нэгэн нийтлэг үзэгдэл ажиглагдах бөгөөд эцэс төгсгөлгүй гунигийн өгүүлэмжийг бүтээхдээ салхи, гэзэг үс, шувуу зэргээр илэрхийлсэн нь бараг л бүх шүлэгт нь эв хавгүй давхцах болой.
Өвлийн моддын нүцгэрсэн гунигийг эмнэж
Хэдхэн шаргал навчис мөчрийнхөө үзүүрт
Өч төчнөөн нулимсаа цагаатгаад
Хүүгэх салхины эрчмийг намдаах гэж сэрчигнэнэ /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х31/
***
Ус гол болоршин цэнгэгжиж
Үүлс цоохортоно
Урьдын намруудыг дурсуулан
Санаан дотор урсаж
Үүлсээр уншуулан бичиглэнэ /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х32/
***
Чиний санаа алдалтыг
Зөөж нисэх шувуудын
Амандаа зуусан хөх өвс юм би
Үсний чинь ширхэг бүрийг
Самнаж хийсэх салхины
Аялгуут тарни юм би /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х137/
***
Гэзэг гоо сул танхи сарны дор
Гэмт үйлсийг гэсгээх мэт ширтэх
Гарцаагүй гүн нүдний тэнгист живэхдээ… /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х122/
***
Давчдуухан цээжний мананг нэвтэлсээр
Од, сар, салхи, нарны амьсгалыг чагнаж
Орчлон дээр буй юмс бүхэн зүүдэндээ нойрсоход
Дэргэд чи ирчихсэн сэвлэгээ задгайлж зогсдог /Начин С. Цаг хугацааны хээ. УБ. 2026. х114/ гэхчилэнгээр дурдаад байвал дуусахгүй бөгөөд дээрхийг үзвэл яг л нэгэн шүлгийг уншиж буй мэт аж. Шинэ үеийн яруу найраг уран үгсээр хахаж, утгын дутмагшилд орсны харгайгаар энэ мэт онхи муухай үгс нэгнээ гололгүй эвцэлдэн нэгдэж чадаад байгаа хэрэг юм. Угтаа бол шүлэг бүр амь сүнстэй, өөрийн текстэд орших мөн чанараас үүдэлтэй байдаг баймаар. Энэ мэт арчаа муутайхан үгсийн эвлүүлэг өнөөдөртөө тайзнаа гоё сонсогдож болох ч цагийн шалгуурт арчигдаж үгүй болдог нь бас зайлшгүй үнэн билээ.
Энэ бүгдээс эргэцүүлбэл, хотын уран зохиол, урбан яруу найраг гээч нь зөвхөн метрополис амьдрал, нар хааж дүнхийсэн өндөр хана, энд тэндгүй ганцаардалдаа автаж гунигласан, архи дарсанд нэвчсэн, уур бухимдалдаа автсан эрээгүй байдлыг дүрслэх биш. Цаашлаад, үгийн урныг хөөж, утгын чанарыг гээсэн “үхээнц” шүлгүүд, уран зургийн каталог адил “сонсогдох”, “хуучныг” дагаж хэлбэрдсэн олхиогүй муу тайзны шүлгүүд бол бүр ч биш юм. Яруу найрагт утга төвлөрдөггүй нь үнэн, гэхдээ уран утга илтгэдэг нь хөдлөшгүй үнэн билээ. Яруу найрагч, зохиолч нэртэй эдгээр нөхдүүд ч яах вэ, хатуу хавтасны ард нуугдан суугаа метро хотын уншигч та яруу найргийг сонсоод байна уу? Уншаад байна уу? Үнэхээр шинэ цагийн жинхэнэ шүлгийн өмнө та бид уншигчийн хувьд шаардлага хангаж чадах болов уу? Оюун санааны анархизм бидний Улаанбаатарын урбан яруу найргийг орхин одсон бүлгээ.
2026.09.08
М.Чинхүсэл /МУБИС, Утга зохиолын тэнхим/