Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 12:35 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д дөрөвдүгээрт буюу Вьетнамын Ханой хотын дараа манай нийслэл эрэмбэлэгджээ. Энэхүү мэдээлэл нь тухай бүс нутгийн цагаар тогтмол өөрчлөгдөж байдаг билээ.
Агаарын чанарын индекс зарим бүсэд 185-577 үзүүлэлтийн хооронд хэлбэлзэж, Нэгдүгээр хороолол, Мандах наран төв, Монгол газар орчимд агаарын чанар 318-577 буюу эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд байна. Эдгээр байршилд РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 47-73 дахин их байгаа юм.
Ийм нөхцөлд гадаа орчинд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх, цонх салхивчаа нээж агаар оруулахаас зайлсхийж, гадуур гарахдаа амны хаалт зүүх, дотор орчинд агаар шүүгч ажиллуулах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.
Агаарын чанар хотын бүсүүдэд харилцан адилгүй байгаагаас шалтгаалан одоогийн байдлаар Улаанбаатарт РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 24 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
2024 онд хийсэн судалгаанаас үзвэл “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”-нд “Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэгт тоосонцроос (PM2.5) үүдсэн өвчлөл нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 130 тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1440 тохиолдол) зэрэг эмгэгүүд бүртгэгдэж байна” гэжээ.
Нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй. Нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтэд тогтоожээ.