Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн төлөөлөлд танилцууллаа.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн төлөөлөлд танилцууллаа. Түүний танилцуулгаас Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаа хэрхэн өршөөж, хуулиар халхавчлан “толгойг нь илж” ирснийг нотлох 10 баримтыг хүргэж байна.
1. Монгол Улсын хууль тогтоомжид 2002 оныг хүртэл хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай зүйл, заалт байсангүй. Харин 2002 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Эрүүгийн хуульд хөрөнгө хураах ялыг нэмэлтээр оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг хураана гэсэн зарчим үйлчилж эхэлсэн. Гэвч энэ заалт үйлчилж байх хугацаанд албан тушаалтны хөрөнгийг хураасан тохиолдол байхгүй.
2. 2012 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хууль бусаар хөрөнгөжих нь гэмт хэрэг гэдгийг анх удаа хуульчилсан. Гэсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа, өршөөлийн хууль зэргээс шалтгаалж, авлига, албан тушаалын хэргээр ял шийтгэгдэж, хөрөнгөө хураалгасан хүмүүсийн тоо цөөн байна.
3. 2013-2017 оны дөрвөн жилийн хугацаанд авлига, албан тушаалын хэргийн улмаас 299.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс нөхөн төлүүлсэн нь 20.3 тэрбум, битүүмжилсэн эд хөрөнгө, орлогын хэмжээ 85.7 тэрбум төгрөг. Харин шүүхийн шийдвэрээр 400 сая төгрөг хураасан нь нийт учирсан хохирлын дөнгөж 0.1 хувийг эзэлж байна.
5. 2009 онд мөн ижил Өршөөлийн хууль гарч авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс дахин өршөөлд хамрагдав.
6. 2015 оны Өршөөлийн хуульд албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийг хамруулаагүй ч хээл хахууль өгсөн, зуучилсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хүмүүсийг мөн л өршөөсөн байна.
7. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангиас албан тушаалтны нэр барих /267 дугаар зүйл/, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах /272 дугаар зүйл/ гэсэн хоёр заалт алга болов. Удалгүй техникийн алдаа гарсан гэж үзээд дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байна. Үр дагаварт нь хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд дээрх зүйл заалтад хамаарах хэргүүд гэмт хэрэгт тооцогдоогүй.
8. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарч нийт 34.7 их наяд төгрөгийг чөлөөлсөн байна. 2015 оны төсвийн орлого зургаан их наяд төгрөг байсан. Тухайн үед улсынхаа төсвөөс тав дахин илүү 34.7 их наяд төгрөгийг чөлөөлсөн нь өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөг болно. Ингэхдээ ямар нэгэн хүнийг гэмт хэрэгт татаж, хариуцлага тооцоогүй.
9. Монгол Улс 2018-2023 онд шүүхийн шийдвэрээр авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой ямар нэгэн хөрөнгө, орлого хураан авсан тоо мэдээ байхгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ. Харин энэ хугацаанд 1.5 их наяд төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үүнээс битүүмжилсэн хөрөнгө 865.9 тэрбум төгрөг, прокурорын хяналтын шатанд хурааж авсан нь 14.9 тэрбум төгрөг байгаа юм.
10. 2017-2023 оны хооронд зургаан жил мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 8860 хэргээс мөрдөн байцаах болох прокурорын хяналтын шатанд 3000 нь хэрэгсэхгүй болсон. Шүүхээр шийдэгдсэн хэрэг нь 730. Тодруулбал, анх мөрдөж эхэлсэн хэргүүдийн 8.3 хувь нь шүүхээр орж байгаа бөгөөд 100 хүний найм нь л шүүхийн өмнө очиж байна гэсэн үг.