5 Цагийн өмнө.
Нэмэгдсэн дүнгээр даатгал хийлгэсэн жолооч нар буцаан нэхэмжлэх эрхтэй
Нэмэгдсэн дүнгээр даатгал хийлгэсэн жолооч нар буцаан нэхэмжлэх эрхтэй

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 493 дугаар тогтоолын журмыг Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хасуулжээ.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор жолооч нарын дунд ойлгомжгүй байдал үүсээд байсан. Гэтэл тухайн журам Үндсэн хууль зөрчсөн учраас хүчингүй болгож байгаа талаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн. 

Тодруулбал, Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох есөн итгэлцүүрийн журмын тогтоолыг Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос Хууль зүйн дотоод хэргийн яаманд ирүүлснийг хянаж хууль зөрчсөн гэх шалтгаанаар буцаажээ.

Тус журмын есөн итгэлцүүрийн нэг болох "Даатгуулагчийн нас, авто тээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах" итгэлцүүр” нь иргэдийг нас, хүйсээр ялгаварлаж Үндсэн хуулийн үндсэн зарчим зөрчсөн гэж үзсэн байна.

Энэ тухай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 493 дугаар тогтоолын журмыг Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хасуулсан. Бүрдүүлэх материал дутуу, Үндсэн хуулийн үндсэн зарчим буюу иргэнийг арьс өнгө, нас хүйсээр ялгаварлан гадуурхсан гэж үзэн буцаах шийдвэр гаргасан. Нэмэгдсэн дүнгээр даатгал хийлгэсэн иргэд мөнгөө буцаан нэхэмжлэх эрхтэй" гэв.

Б.Лувсанпэрэнлэй