Гадаадад хүүхдээ төрүүлж, өсгөж буй монгол эцэг, эхчүүдэд тохиолддог хүндхэн асуудлуудын нэг бол хүүхдэдээ эх хэлийг нь сургах. Хүүхэд хэлд орох үеэс л тухайн орны хэлийг сургах уу эсвэл эх хэлээр нь хэлд оруулж, цаашид мартуулахгүй авч явах уу гэсэн асуудал гарч ирнэ. Аав, ээжийнх нь аль нэг гадаад хүн бол бүр өөр асуудал яригдана.
Гэхдээ аав, ээж нь хоёул монгол байгаад ч хүүхдээ монголоор хэлд оруулж, хоёрдогч хэлний хажуугаар эх хэлээр нь ч чөлөөтэй яриулна гэдэг тийм амаргүй.
Гэртээ хүүхэдтэйгээ монголоор яриад, харин хүүхэд цэцэрлэг, сургууль, нийгмийн хүрээнд өөр хэлээр харилцаанд оролцохоор толгой нь эргэх, бусад хүүхдээс хоцрох явдал гарч магадгүй гээд тухайн орны хэлээр сайн ярьж сургахыг илүүд үздэг. Ингэснээр хүүхдүүд монголоор ойлгодог ч ярих чадвар нь хөгжихгүй байх нь олонтаа. Дэлхийн олонх оронд амьдарч байгаа монголчуудын хүүхдүүдийн эх хэлний боловсролд анхаарал хандуулах хүмүүс нь зөвхөн эцэг, эхчүүд байгаа юм. Зарим улсад монгол хэл заадаг сургууль, сургалтын төвүүд байдаг ч хамрах хүрээ багатай.
Хүүхдийн эх хэлээ сурах эсэх асуудал цаг хугацаа өнгөрөх тусам томорч, илүү их хүчин чармайлт шаардах болно. Тиймээс өөр улсад үр хүүхдээ төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж байгаа болон гэр бүлээрээ гадаад орныг зорихоор зэхэж буй монгол эцэг, эхчүүдэд өөрт тохиолдсон жишээг товчхон хуваалцахаар шийдлээ.
Манай гурван хүүхэд японд төрж гурав, тав, зургаан нас хүртлээ тэндээ амьдарч, япон цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Анхны хүүхдээ төрүүлээд гурван шалтгааны улмаас яаран ажил, төрөл гэлгүй гэртээ хүүхдээ харах шийдвэр гаргаж байлаа.
Хамгийн эхнийх нь хүүхдээ харж, хүүхэдтэйгээ монголоор ярьж байгаад эх хэлээр нь хэлд оруулах. Хоёрдугаарт, анхны хүүхдийнхээ бүхий л нандин хором мөчтэй хамт байж өөрийн гараар бие даан өсгөх хүсэл. Гуравдугаарт, дараагийн хүүхдээ ойрхон төлөвлөсөн болохоор том охиноо цэцэрлэгт явуулалгүй, дүүтэй нь хамт харж, асрах шийдвэр.
Тун удалгүй жил хагасын дараа дүүг нь өлгийдөж авсан бөгөөд хоёр охиноо гэртээ бойжуулж монгол хэлээр нь хэлд оруулан, “Маамуу нааш ир” дуу, “Болжмор” шүлгээ зааж өгч, цээжлүүлдэг байв. Охид маань, япон хэл дээр хүүхэлдэйн кино үзэж, ганц нэг дуу, шүлэг, ойр зуурын үгс сурч байтал гуравдахь хүүхэд маань төрсөн юм. Ингээд том охин гурав, дунд охин хоёр ой гаруйтайдаа япон цэцэрлэгт орлоо.
Монгол хэлээрээ хэдийн тод, чөлөөтэй ярьдаг болчихсон байсан ч хүүхдүүд япон хэлээр өөрийгөө илэрхийлж чадахгүй байх вий, хүүхдүүдтэй найзалж чадахгүй байх вий гэж санаа зовсоор гэртээ хоёр хэлээр хольж ярьдаг боллоо. Гурван сар ч хүрэхгүй хугацаанд манай хоёрын япон хэлний хоцрогдол арилж, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, гэртээ ч дийлэнхдээ японоор ярих болов. Монголоор маш сайн ойлгодог ч асуултад японоор хариулах нь тэдэнд илүү амар болж байгаа нь ажиглагдаж эхэллээ.
Харин бага охин нэг ой гурван сартайдаа монгол хэлний үгийн сандаа аав, ээж гэдэг үгтэй л япон цэцэрлэгт явдаг болсон. Тэр чинээгээрээ ч хоёр эгчээсээ богино хугацаанд японоор ярьж сурсан. Уулга алдах, айх, гайхах нь хүртэл япон аялгатай.
Ингээд эцэст нь миний санаа зовж байсан олон зүйл ард үлдэж, манай хүүхдүүд бүгд монгол болон япон хэлийг сайн сурч чадсан юм.
Монгол хэлээрээ сайн ярьж сураад япон цэцэрлэгт орсон хоёр охин болоод аав, ээжээс өөр үггүй цэцэрлэгт ороод японоор л ярих болсон бага охиныхоо туршлагаас дараах зүйлсийг мэдэж авч, туршлагажсан билээ.
Нэг жишээ дурдахад, том хүүхдийн ангийн Юки охин японоор маш сайн ярьж чаддаг бас ээж, дүүтэйгээ өөрийн эх хэл солонгосоор харилцдаг байв. Ялангуяа дорнын соёлтой, ази ээжүүд хүүхдүүддээ хоёрдогч хэлийг маш сайн сургахын хажуугаар эх хэлийг нь огтхон ч орхигдуулдаггүй гэдэг.
Япон хэлээр яаж ч сайн тайлбарлаад бүрэн ойлгуулж чадахгүй зүйл монгол ахуй, соёлд байгаа шиг японд ч тийм зүйл бий.
Мэдээж амьдарч буй улсынхаа хэлийг маш сайн сурч, хэрэглэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах нь нэн тэргүүнд. Үүний цаана эх хэлний асуудал орхигдох нь элбэг. Илүү их хүчин чармайлт хэрэгтэй ч гэсэн адил тэгш хөгжүүлж чадвал хос хэлтэй хүүхдүүдэд илүү их боломж бий болж, цаг хугацаа хэмнэж, сэтгэхүйн хувьд ч илүү чөлөөтэй сэтгэх зэрэг олон давуу тал бий болох нь гарцаагүй билээ.