Ес хоногт 55 сая тонн хог хаягдал "үйлдвэрлэжээ".
Шинэ он гараад есхөн хонож байна. Энэ хугацаанд хүн төрөлхтөн 55 сая тонн хог хаягдлыг дэлхий ертөнц дээр бий болгожээ гэж “theworldcounts.com” сайтад мэдээлж байна. Ингэхдээ зөвхөн өнөөдөр өглөөний байдлаар гурван сая тонн, долоо хоногт 26 сая тонн хог хаягдлыг бий болгож. Энэ тоо секунд тутам хэдэн мянга, сая тонноор нэмэгдэж байгаа юм. Үүнээс хойш хэрхэн нэмэгдэж буй тухай тоон мэдээллийг холбоос Хүн төрөлхтний бий болгож буй хог хаягдал дээр дарж харна уу.
Бид жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдлыг хаядаг. Ачааны машинд ачаад цуваа үүсгэвэл дэлхийг 24 удаа тойрох хэмжээний хог хаягдлыг ганцхан жилийн дотор бий болгодог байна. Үүний гол шалтгаан нь хүмүүс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ 99 хувийг зургаахан сарын дотор хог руу хаядагтай холбоотой гэжээ.
Хүмүүс 50 гаруй төрлийн хог хаягдал “үйлдвэрлэдэг” гэсэн жагсаалт бий. Тэдгээрээс байгальд, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй нь электрон хог хаягдал. Техник технологийн хөгжлийг дагаад цахим хог хаягдлын хэмжээ жил тутам ихсэж байна. Жилд дунджаар 50 сая тонн электрон хог хаягдал үйлдвэрлэгдэж, ихэнхийг нь Ази, Африкийн ядуу буурай орнууд руу ачиж, аваачиж хаядаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Электрон хог хаягдалд хүнцэл, кадми, сурьма, хром, диоксин зэрэг химийн хорт бодис, хүнд металл агуулагддаг. Хүрээлэн буй орчин, хүний амын эрүүл мэнд, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд хамгийн хорт дайсан бол электрон хаягдал. Хүний төв мэдрэлийн, дархлааны, амьсгалын, хоол боловсруулах эрхтэн, нөхөн үржихүйн болон дотоод шүүрлийн системийг гэмтээдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байдаг.
Зарим эх сурвалж дэлхийн хамгийн том цахим хог хаягдлын цэг бол БНХАУ-ын Гуандун аймгийн ГүэйЮ хот бөгөөд жилд дунджаар 700 тонн электрон бараа хаягддаг гэж мэдээлжээ.
Зарим улс хамгийн хор хөнөөлтэй бөгөөд устгах зардал өндөртэй энэ төрлийн хаягдлыг хяналт багатай эсвэл огт хараа хяналтгүй орнууд руу экспортлох замаар асуудлыг “шийдвэрлэх” аргыг сонгодог байна.
Эх сурвалж: theworldcounts.com