Цагаан сар
Цагаан сар

Инглхарт Вэльцэлийн соёлын бүдүүвч

Судлаач, орчуулагч Бугат овогт Л.Алтангэрэлийн өгүүллийг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна.

Цагаан сарын шинийн нэгний өдрийг соёл, түүх, зурхайн ач холбогдолд нь хоёр агуулга оруулж өдөр судрыг нь хоёр өөрөөр тогтоож байгаа. Буруутгах юм алга. Зурхайг хүн зохиодог, яаж л бол яаж шийдэж болох учраас. Хар ухаанаар бодох юм бол Хубилай Хааны үед монгол төрийн нийслэл Бээжинд байсан учраас газрын хуваарийн дагуу шар зурхай ашигладаг байсан, одоо манай нийслэл Улаанбаатар учраас умардын энэ өндөрлөг газрынхаа хуваариар арай хожуу шинэлэх нь зүйн хэрэг мэт. Яг үнэндээ бол геополитикийн агуулгатай аж. Инглхарт Вэльцэлийн соёлын бүдүүвч дахиад хэрэг боллоо, сайн судалгаанд үндэслэсэн болохоор хэр баргийн ойлголтыг тайлбарлахад их хэрэгтэй юм.

Төгс буянтын зурхай, шар зурхай, аль нь илүү сайн нарийвчлалтай гэдгийг хэлж мэдэхгүй юм. Монгол бичиг, кирилжин үсэг хоёр шиг аль аль нь давуу, дутуу талуудтай байх. Азийн бусад орны цагаан сараас заримдаа зөрдөг нь газарзүй, цаг агаар, соёлын бодит байдлыг тусгадаг боловч үндэсний хэн чанар, тусгаар тогтнолтой илүү холбоотой ойлголт юм байна. Үүнийг бичих гэсэн юм.

Газарзүй, цаг агаарын зохимж нийлэмж

Манайх умардын өндөрлөг газар. Азийн бусад оронтой харьцуулахад хавар оройтож ирнэ. Төгс буянтын зурхай нь үүнийг тооцдог юм байна. Ажиглалтаар тогтоосон байгалийн мөчлөг, цас хайлж газар дулаарах цаг нүүдэлчдийн хувьд шинэ амьдралын эхлэл, мал төллөдөг чухал үе.

Шар зурхай Хятад болон арай дулаан, нам газрын цаг улиралд зохицсон юм байна. Монголын цаг улирлын хэмнэлд сайн нийцэхгүй, Их Монгол Улсын үед нийслэл нь одоогийн Бээжин байсан учраас тэр үеийнхээ нийслэлийн газрын хуваарьт зохицсон зурхай хэрэглэсэн байх. Одоо манай нийслэл Улаанбаатар. Төгс буянт нь энэ газрын хуваарьт нийцэл сайтай юм. Зарим жил цагаан сар нэг өдөр таардаг нь гараг эрхсийн тоглоом шоглоом, егөөдөл байх.

Үндэсний хэн чанарын тусгал

Төгс буянтын зурхайгаар цагаан сар хийх нь монгол соёлын хэн чанарын илэрхийлэл.

Энд нүүдлийн соёл, мал аж ахуй, бурхан шашны үзлээс гадна олон зуун дамжсан тусгаар тогтнолын нэг айхавтар сэтгэлгээний чанар байгаа. Соёлын тусгаар тогтнол гэж юм байгаа, дэлхий ертөнцөөс өөр гэдгээ харуулж бидний хийдэг олон хачин үйлдлийн нэг.

Шар зурхай Ази соёлын нэг ижилсэл болохоор монголчууд цаагуураа сүжиг муутай. Түүнийг явуулах сэдэл нь календарь зарах гэж Баабар бичсэн байсан, угаасаа прагматик улс учраас тэр үнэн байх. Тэгэхээр угаасаа олон жилийн ажиглалтад тулгуурласан боловч хиймэл зохиомол дүрэм журам аятай зурхайн энэ тогтолцоог эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл талаас нь ойлгох гээд оролдвол хүмүүсийн толгойг эргүүлэх нь арай багасах байх.

Геополитик бэлгэдэл

Төгс буянтын зурхайг дагаж мөрдсөн нь угаасаа геополитик учир шалтгаантай юм байна. Түүхэн учир шалтгааныг орхиод хоёр том гүрний дунд жижиг буурай үлдсэн хувь заяатайгаа эвлэрэхгүй гэсэн бардам зангийн илрэл. Монгол хүний нэг ёдрын зан юм уу даа. Эрх чөлөөний мэдрэмж, бүр юунаас ч шалтгаалдаггүй бүрэн дүүрэн эрх чөлөө. Тэгэхээр энэ ялгаа зүгээр нэг бэлгэдэл биш юм шиг. Ялангуяа гадаад бодлогын бие даасан шинж. Бусад хүчирхэг улсыг дагахгүй гэсэн санаа. Та нар харин энэ үндэслэлүүдийг бодож үзээрэй гэсэн мессеж, эртний монголоор бол занги.

Бурхан шашны агуулга

Төгс буянтын зурхай сансар огторгуй, байгалийн үзэгдэл, бас буян хураах гэсэн буддын шашны ойлголттой холбоотой, зөвхөн календарийн үйл явц, мөчлөгийг дан баримтлал болгоогүй. Тэгэхээр хүний амьдралд тохиолддог ертөнцийн бүх үйл хоорондоо холбоотой гэдэг сэтгэлгээний өндөр дээд үзэл санаатай ойрхон. Байгаль, нийгмийн харилцаа, тэгээд орчлон ертөнцийн жам ёс гэхээр энэ баярын утга учрыг улам гүнзгий болгож байгаа.

Зурхайн мөн чанар

Төгс буянт гэдэг үгийг түвдээр хайсан чинь རཚོལ་བོད་དུས། гэж гарч ирж байна. Яг зөв эсэхийг мэдэхгүй, эрдэмтэй лам нар тайлбарлах байх. Ламын гэгээнтэн དགེ་ལྡན་བརྩིས་གསར། гэж байж магадгүй гэсэн. Учрыг нь олоход төвөгтэй юм. Монголын газарзүйд тохируулсан, гэхдээ Түвдийн Амдо нутагт их хэрэглэдэг юм байна. Нөгөө шар зурхай нь ч байж бас магадгүй.

Шар зурхай нь Хятад, Зүүн Хойт Азид их хэрэглэгддэг, 黄道星占юм уу даа, (huángdào хīngzhān) гэж уншигдах ёстой, 农历 (nónglì) гэдэг, сар нарны зурхай юм байна. Нам дор газрын нөхцөлд их таарсан. Төгс буян зөвхөн сарны явдлыг тооцдог юм уу, хаашаа юм, гэхдээ энэ нарийн ширийн юмыг нь ойлгохгүй юм чинь, үндэсний хэн чанартайгаа холбож үзэх нь зүгээр санагдаад.

Зохирлын тухай буруу ойлголт

Цагаан сарыг Азийн бусад үндэстнээс зөрүүлж тэмдэглэх нь дорно дахины эв нэгдлээс гажсан явдал гэж шүүмжилж магадгүй. Дорно дахины нийтлэг соёлоос бид үргэлж зайлсхийдэг байсан. Бичиг үсэг хүртэл өөр. Ханзны соёлд хүртэл ороогүй. Азийн улс орнууд бүгд адилхан гэдэг нэг ойлголт байдаг, барууны хүмүүст. Бид өөр гэдгээ харуулах нь Азийн соёл хоорондоо ялгаатай гэдгийг хүмүүст мэдрүүлж улам олон өнгө төрх нэмнэ. Дээр нь орчин үеийн технологи нэмэгдэхээр олон улсын харилцаа, зөөлөн хүчний бодлого, ялангуяа соёлын харилцаанд огтхон ч муугаар нөлөөлөхгүй. Бүс нутгийн соёлын олон талт өнгө аясыг онцолж харилцан ойлголцол, хүндлэлийг улам өсгөж магад.

Төгсгөл

Төгс буянт нь зөв байх аа, газарзүй, соёлын өв, тусгаар тогтнол, үндэсний хэн чанар гээд хэд хэдэн чухал ойлголтыг багтааж байна. хамгийн гол нь үндэсний хэн чанар, ертөнцийг үзэх тусгаар үзэл. Шар зурхайг нь муулсан юм алга, адилхан зурхай учир дээрдэх, буруудах юм байгаа л биз, гэхдээ хүнд сонголт гэж нэг юм байдаг. Монголчууд зөв сонголт хийхдээ харин ч нэг гарамгай. Нэгэнт сонголтоо хийсэн бол зөв ч байсан зөв, буруу ч байсан зөв. Логикийн ямар ч алдаагүй, ган төмөр, хатуу гинжин хэлхээ. Жил бүрийн энэ нэг талцал хуваагдлыг нэг тийш нь шийдэж чаддаггүй юм гэхэд, ядахдаа . . .

Бугат Л. Алтангэрэл