01 сарын 25, 2024
Осол гаргасан хоёр жолоочийг баривчиллаа
Осол гаргасан хоёр жолоочийг баривчиллаа

Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт осол гаргасан “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р, Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М нарыг өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокуророос баривчлах санал шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэрлэсэн байна.

Газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас гурван аврагч амиа алдаж, олон хүн эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохироод байна. Иймээс “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлсэн. Тодруулбал, жолооч Ч.Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна.

Мөн мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ.