Утаанаас бултах урагшгүй шийдвэр
Утаанаас бултах урагшгүй шийдвэр

Мөстсөн цардмал замаар, утааг зүхэн алхсаар Офицеруудын ордны автобусны буудал дээр ирлээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачилж иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тэрэлж, Цанын бааз /Sky Resort/ чиглэлд автобус явж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Амралтын өдөр цэвэр агаарыг зоригчдын нөхцөл байдлыг сурвалжлахаар явж буй нь энэ юм. 

Автобуснууд уван цуван ирж хүнээ буулгаж, суулгасаар одно. Хуваарийн дагуу 12:50 минутад Тэрэлж чиглэлд хөдлөх автобус 25 минут хоцорч ирэв. Автобусаар цэвэр агаарт хүрэх үнэ 2300 төгрөг. Х4 дугаартай автобус Офицероос-Налайх хүртэл чиглэлтэй учир 33 буудал явсны эцэст Горхи Тэрэлжийн “Мэлхий хад”-нд ирлээ. Энэ чиглэлээс гадна Х22 дугаартай автобус Офицеруудын ордноос үйлчилж байгаа бөгөөд есөн буудал яваад энд ирэх ажээ. Уг нь автобуснууд Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд 10:00, 12:50, 16:20, 19:10 цагт, Тэрэлжээс 13:10, 16:00, 19:30, 22:20 цагт хөдлөх хуваарьтай байна. Гэвч замын түгжрэл, хөдөлгөөний ачааллаас шалтгаалан удах, хоцрох нь хэвийн үзэгдэл ажээ.  

avtobusnii_chiglel Автобусны чиглэл, цагийн мэдээлэл. Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал фэйсбүүк хуудас

Замын турш зорчигчдын тоо цөөрсөөр байв. Хоёр цаг явсны эцэст үлдсэн долоон зорчигчийг хүдэнтсэн уулын бэлд “Мэлхий хад” бараадуулан зам дагуу буулгаад хотын зүг хурдлан одов. 

Тэдний хоёр нь агаарлагчдыг сурвалжлахаар яваа бид бол хоёр зорчигч нь тэр орчмын айлын хүмүүс байв. Харин найзууд бололтой 60 орчим насны гурван эмэгтэй л цэвэр агаарыг зорьж иржээ. Тэд маргааш “Скай ресорт” явах тухайгаа ярилцан цас туучин цааш алхав. 

utaanaas_zugtah2 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Агаар цэнгэг, байгалийн сайхан нь нүд баясгам. Гэвч хотын удирдлагуудын шийдвэр дахиад л буруу байсан бололтой. Аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаа хийдэггүйн алдаа нь энэ. Бямба гаргийн үд дундаас хойших цаг бол хүмүүсийн утаанаас зугтдаг, агаар гардаг, үр хүүхдээ салхилуулахыг эрмэлздэг үе. Гэвч энд биш байв. Угаас байх ч боломж алга. Нийтийн тээврийн автобусанд суугаад хоёр цаг түгжирч, түгцэж, 37 км замыг туулж ирсний эцэст эзгүй уулын бэлд буугаад хаачих вэ? Уул руу алхаж цэвэр агаар амьсгалах, цагаан өнгийн цас харахаас өөр зүйл байхгүй. Энд хүний хэрэгцээг хангах наад захын зүйлс алга. Бие засах газар, халуун зүйл олж уух боломж байхгүй, цагаасаа хоцордог “дүрэмтэй” автобусаа хүлээнгээ ороод зогсох дулаан газар ч үгүй. Замын цаад талд хүнсний дэлгүүр, зочид буудал, зоогийн газартай нэгэн байгууламж байх ч цэвэр агаар амьсгалахаар ирсэн хүмүүст зориулаагүй нь тодорхой аж. Тэнд хүмүүс баяр тэмдэглэж, бужигнаж байхтай ч таарав.

19:30 цагт ирэх ёстой автобус 21:20 цагт ирлээ. Харанхуй нөмөртөл замын хажууд автобус хүлээлээ. Хөлдөж үхэхгүйн тулд нөгөө хүнсний дэлгүүрт орж зогссон юм. 

Худалдагч эмэгтэйн автобус ирж харагддаг ч хүмүүс нэг их үзэгддэггүй гэдэг үгийг бараг хоёр цаг хоцорч ирсэн Х22  чиглэлийн автобусанд хоёулахнаа суугаад хот руу хөдлөхдөө бүрэн ойлгож, монголын дарга нарын ээлжит төлөвлөгөөгүй, тооцоололгүй, сүр сар шийдвэрт бухимдлаа.

Үнэндээ энэ шийдвэр бол шийдэл биш зүгээр л олон нийтийн амыг таглах гэсэн нэг сэдэвт урагшгүй үйл ажиллагаа болох нь ийнхүү хэрэгжиж буй байдлаасаа харагдана. 

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Хүйтний  улиралд агаарт гарсан иргэд үйлчлүүлэх боломжтой автобусны буудалтай ойр байрлах аж ахуй нэгжүүдтэй үнийн болон бусад үйлчилгээний тухай судалж, гэрээ хэлэлцээр хийх ажил хийгдэж байгаа” гэж мэдээлж байсан ч өдий хүртэл тус ажил хэрэгжээгүй байна. 

utaanaas_zugtah Нийслэлчүүдийг цэвэр агаарт хүргэх зорилготой ч зорчигчгүй хоосон автобус

Хоёр есийн хүйт голд шургасан учир жиндүүхэн автобусанд бүлээцсэнгүй явсаар автобус буух цаг болоогүй тул 30 минут зогсох шаардлагатай гэдэг шалтгаанаар Ботаникийн буудал дээр хөөгдөх шахуу буулаа. Офицеруудын ордон орох унаанд сууж, тэндээсээ гэрээ бараадав. 

Энэ байдлыг харахад нэг өдөрт дөрвөн удаа жолоочоос өөр хүнгүй автобус Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд явж байгааг ч үгүйсгэх арга алга. Хоёр жолоочоос яриа авах гэхэд дургүйцсэн боловч хүн цөөн явдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. 

Иргэдийг цэвэр агаарт хүргэх том оврын тусгай чиглэлийн автобуснуудын зардал бас л татвар төлөгчийн халааснаас гарч байгаа юу? Хүнд ээлгүй шийдвэрт зориулж хүмүүсийн төлсөн татвараар “тоглосоор” байх уу?

 Б.Лувсанпэрэнлэй