Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 10:50 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д 82 дугаарт буюу Унгар улсын Будапешт хотын дараа манай нийслэл эрэмбэлэгджээ. Энэхүү мэдээлэл нь тухай бүс нутгийн цагаар тогтмол өөрчлөгдөж байдаг билээ.
Агаарын чанарын индекс зарим бүсэд 29-201 үзүүлэлтийн хооронд хэлбэлзэж байна. Бөхийн өргөө, Яармаг, Налайх, Мишээл экспо орчимд агаарын чанар хэвийн байгаа бол Дамбадаржаа орчимд хүний эрүүл мэндэд хортой нөхцөл байдлыг зааж байна. Толгойт, Хайлааст орчимд 111-119 буюу эрүүл мэндийн асуудалтай хүмүүс болон бага насны хүүхэд, ахмад настны эрүүл мэндэд хор нөлөөтэй. Бусад хэсэгт шар түвшинд буюу агаар бохирдолтой байгаа юм.
Улаанбаатар хотод өнөөдөр өглөөний байдлаар цас хялмаалж, бага зэргийн салхитай байгаа тул агаарын чанарын индекс ихэнх бүсэд хэвийн зааж байгаа аж. Агаарын чанар хэвийн нөхцөлд гадаа орчинд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх, цонх салхивчаа нээн цэвэр агаар оруулах боломжтой гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.
Эх сурвалж: iqair.com
Одоогийн байдлаар Улаанбаатарт РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 1.3 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
2024 онд хийсэн судалгаанаас үзвэл “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”-нд “Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэгт тоосонцроос (PM2.5) үүдсэн өвчлөл нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 130 тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1440 тохиолдол) зэрэг эмгэгүүд бүртгэгдэж байна” гэжээ.
Нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй. Нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтэд тогтоожээ.