Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж энэ сарын 21-ийг дуустал явагдана.
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж энэ сарын 21-ийг дуустал явагдана гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна. Цэргийн бүртгэлд 18-60 насны эрчүүд болон 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд хамрагдана.
Биеэр очиж бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, ажлын газрын үнэмлэх шаардлагатай. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол дээрх бичиг баримтаас гадна 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг авч очно. Ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг, амралтын өдөр 09:00-16:00 цагт өөрийн харьяа хороон дээр очиж бүртгүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна цахимаар буюу И-Монголиа /Emongolia/ системийг ашиглан бүртгүүлж болох юм.
Цэргийн бүртгэлийн зорилго нь Монгол Улсад шаардлагатай цаг үе ирэхэд татагдах хүн, хүчний нөөцийг тодорхойлох байдаг учир цэргийн үүрэгтнүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлан бүртгэлдээ хамрагдахыг уриаллаа.
Б.Лувсанпэрэнлэй