Онцгой байдлын алба хаагч: Бидний хувцас, хэрэглэлийг галд тэсвэртэй гэж хэлэхэд хэцүү
Онцгой байдлын алба хаагч: Бидний хувцас, хэрэглэлийг галд тэсвэртэй гэж хэлэхэд хэцүү
Хүн хүчний дутагдал ихтэй. Амь насаараа дэнчин тавьдаг хэцүү ажил учраас энэ мэргэжлийг сонгон суралцах хүний тоо ч багассан. Шинээр орж ирдэг алба хаагч цөөрч байна.

Онцгой байдлын албаны гурван алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Бид энэ тохиолдолд эмгэнэж, гашуудахаас гадна дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд хариуцлага, стандарт нэхдэг байх нь чухал. Хэдий болтол эх орны эгэл баатар хэмээн өргөмжлөөд эцсийн замд нь үдэх вэ? Иймээс бид онцгой байдлын албанд ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалжтай ярилцаж, албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямар байдаг талаар тодрууллаа.

- Та ажил үүргээ гүйцэтгэхдээ аюул ослоос хамгаалсан хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангагдаж чаддаг уу?

- Юуны өмнө албан үүргээ гүйцэтгэж яваад амиа өргөсөн мөрдэс нэгт нөхдийнхөө гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Бидэнд маш хүнд байна. Хувцас , хэрэглэлийн хувьд гэвэл сүүлийн хэдэн жил гайгүй болж байна. Өмнө нь бол хүрэлцээ муу, хэцүүхэн байсан. Зургаа, долоон жилийн өмнөх үеийг бодвол одоо харьцангуй сайжирч байна.

- Албан хаагчид үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйлсээ удирдлагаасаа хүсэх боломжтой байдаг уу. Гал, устай нүцгэн гараараа тулалдаж байгаа нь дарга нар бус энгийн алба хаагчид шүү дээ. Үүргээ гүйцэтгэх явцад хувцас хэрэглэл гал, усанд өртөх зэрэг тохиолдолд шууд солиод авах нөөц хангамж нь хэр байдаг вэ?

- Дээшээ мэдэгдэх, хүсэлт гаргах боломжтой байдаг. Орон нутагт удаан хугацаанд ажиллах үед өмсөж байгаа хувцас муудвал хоёр дахь ээлжийн хувцас бэлэн байдаг. Харин хоёр дахь ээлжийн хувцас муудвал гурав дахь ээлжийн хувцас гэж байхгүй.

- Сар гаруйн зайтай дөрвөн ч албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Ер нь ийм тохиолдлын дараа хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин техникийн хангамж нэмэх, сайжруулалт хийгддэг үү?

- Алба хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт, дадлага явуулдаг.

- Сарын өмнө албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагч хүчилтөрөгчгүй байсан гэж мэдээлсэн. Гал түймрийн үед хэрэглэх хүчилтөрөгч, галд тэсвэртэй хувцас хэрэглэлийг та ер нь хангалтаар авч байсан уу. Хэр хүртээмжтэй байдаг вэ?

- Гал түймрийн үеэр гал унтраах машинд зөөврийн баллон болон таван ширхэг угаарын хийн маск бэлэн байдаг. Харин хэзээ маскаа зүүх, хэзээ тайлахыг нь ахалж байгаа алба хаагч нь шийддэг. Хүчилтөрөгчийн баллон нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байдаг. Харин бусад хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг галд тэсвэртэй гэж хэлэхэд хэцүү.

- Тоног төхөөрөмжөөс гадна хүн хүч дутагддаг уу?

- Хүн хүчний дутагдал ихтэй. Амь насаараа дэнчин тавьдаг хэцүү ажил учраас энэ мэргэжлийг сонгон суралцах хүний тоо ч багассан. Шинээр орж ирдэг алба хаагч цөөрч байна.

- Танд аюулын өөдөөс хамгаалах хувцас, тоноглолгүй орох тохиолдол байсан уу?

- Байлгүй яахав. Жишээ нь, 2017 онд улс орон даяар гарсан ойн түймэр, 2020 онд болсон томоохон үерийн үеэр тухайн үед хангамжаар өгсөн хээрийн бэлтгэлийн хувцастайгаа л орж байсан.

- Танай салбарт яг ямар тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл дутмаг, зайлшгүй шаардлагатай байна вэ?

- Өндөр барилгад гал гарах үед хэрэглэдэг шат 9-10 давхар хүртэл л сунадаг. Гэтэл сүүлийн үеийн барилгууд 20-иос ч дээш давхар болж байна. 9-10 давхар хүртэл сунадаг шаттай учир түүнээс дээш гарсан галыг унтраахад их хүндрэлтэй байна. Галын үед ямар ч тохиолдолд цахилгаан шатыг хэрэглэж болохгүй шүү дээ.

 Танд баярлалаа.