Аргын тооллоор бол амралтын өдрийн жирийн нэг өглөө. Харин билгийн тооллын XVII жарны усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын өлзий билиг дүүрэн өдөр. Энэ билиг ерөөлтэй өдөр Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы их танхимд хурал номын дуу тасралтгүй үргэлжилж, хурсан олон удахгүй болох ямар нэгэн чухал зүйлийг хүлээн сониучирхах аж. Их танхимын гол хэсэгт бурхадын хөрөг баримал залж, чанх урд нь улаан шар нөмрөг бүхий сэнтий зассан нь сүсэгтэн олны анхаарлыг татна. Удахгүй болох чухал ёслолд зориулж зассан уг сэнтийн баруун гар талд Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын хөргийг байрлуулсан байх бөгөөд танхимын хоёр талаар суусан лам нарын дунд хэсэгт ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулан суудал засжээ. Харин тойрог хэлбэртэй танхимын эргэн тойронд бурханы шашны сүсэгтнүүд хөл гишгэх зайгүй шахам зогсож, Монголын бурханы шашин түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдлын гэрч болохоор ирсэн нь энэ. Монголчууд билгийн тооллын XVII жарны Усан туулай жил олон жил эзгүй байсан X богд гэгээн Жавзандамба хутагтаа тодруулсан бол өвлийн эхэн сарын шинийн тавны энэ өдөр XXX Хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандоржийг ширээнд нь залахаар цуглажээ.
Батцагаан цогчин дуганд ёслолын үйл ажиллагааны олон нийтэд зориулсан хэсэг нь болох юм. Харин өглөө эрт долоон цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд Хамба номун хан Жавзандоржийг албан ёсоор залах үйл явц үргэлжилж буй. Энэ өглөө XIX Хамба номун хан Чойжамц, Монголын бурханы шашны тэргүүн X богд Жавзандамба хутагтад мөргөж, Хамба номун ханы тамгаа өргөн барьжээ. Харин X богд Жавзандамба хутагт XXX Хамба номун хан Жавзандоржид тус тамгыг гардуулж өгсөн байна. Яагаад ч юм олны өмнө ил гаргах боломжгүй болсон энэ үйл явцын дараа 11 цагийн орчимд Батцагаан цогчин дуганд сүсэгтэн олон ийн цугласан аж.
Танхимын хөтлөгч УИХ-ын дарга Занданшатар тэргүүтэй зочид төлөөлөгчдийг танилцуулж эхлэхтэй зэрэгцэн хойгуур сууж байсан зочид гэнэт суудлаасаа босч эхлэв. Хоёр эгнээ зассан суудлын голоор лам хувцастай хэсэг хүмүүс зам гаргаж, хойноос нь Монголын бурханы шашинтны тэргүүн XIX Хамба номун хаан, хансүр гавж Дэмбэрэлийн Чойжамц, шинээр томилогдсон XXX Хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нар орж ирэв. Тэд яг зэрэгцэн алхах бөгөөд өмнөөс нь барьсан цартай цэцэгнээс өргөж, хэсэг хугацаанд зогссоноо гар гараасаа хөтлөлцөн танхимын гол хэсэгт ирэв. Энэ үед Жавзандорж хамба биеэр ороосон нөмрөгөө авч хоёр мөрөө давуулан нөмөрч, хичээнгүйлэн гурван удаа залбирч мөргөсний дараа Чойжамц хамба улаан нөмрөгөө мөн адил тайлж, гурван удаа мөргөхөд хажуугаас нь Жавзандорж хамба тэргүүтэй, лам хуврагууд тохойг нь түшиж босгон туслах аж. Хоёр хамба мөргөлөө дууссаны дараа танхимын гол хэсэгт очиж, бурхадын хөрөгт мөргөж, таван өнгийн хадаг өргөж залбирсны дараа, хэсэг хугацаанд нам гүм байсан танхимд унзад хоолойт лам нарын уншлага хүнгэнэж эхлэв.
Лам нарыг уншлагаа үргэлжлүүлж байх хооронд танхимын хоёр талаар зассан хамгийн эхний суудалд нь Чойжамц хамба сууж, нөгөө талд нь Жавзандорж хамба суудалдаа тухлав. Жавзандорж хамба сэнтийдээ суусан даруй алга хавсран залбирч эхэлсэн бол Чойжамц хамба ирсэн зочдыг сониучирхан харж, яагаад ч юм төвлөрч өгөхгүй байгаа мэт санагдав. Түүний хувьд 1992 онд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламаар томилогдож, нийгмийн шилжилтийн хүнд цаг үеэс эхлээд өнөөг хүртэл 32 жил Монголын бурханы шашны оюун санааны тусгаар байдлыг үүтгэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэжээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс хойш сэргэж чадаагүй, бурханы шашны уламжлал, сүм хийдүүдийг нэн тэргүүнд сэргээж, 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдох үедээ Монгол улсын үндсэн хуульд “Шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэнэ” гэх заалтыг оруулахаас эхлээд X богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулах хүртэл хоёргүй сэтгэлээ зүтгэсэн гэдгийг онцлон танилцуулсан. Чойжамц хамбын хувьд сүм хийдүүдийг сэргээхээс гадна, залуу лам нарыг бэлтгэх дунд сургууль, дээд сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлж, улмаар Энэтхэг улсад олон залуу лам нарыг буддын гүн ухаанд сургах боломжийг нээж, хутагт хувилгаадыг уламжлалын дагуу тодруулдаг болгох, Мэгжид жанрайсаг бурханыг дахин бүтээх, Батцагаан цогчин дуган барих, олон улсад Монголын бурханы шашныг таниулан дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдөр тэрбээр Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч, Энэтхэгийн олон улсын бурханы шашинтнуудын холбооны ивээгч, Японы дэлхийн бурханы шашинтнуудын дээд хэмжээний чуулганы ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.
Түүний хийж бүтээсэн үйлсийг ийнхүү онцлон танилцуулсны дараа Гандантэгчэнлин хийдийн мяндагтан лам хуврагууд Чойжамц хамбад мандал өргөлөө. Бурханы шашны номлолоор хамгийн богино хугацаанд сэтгэшгүй их буяныг хураан үйлдэх нэгэн зүйлийн мэргэн арга бол Мандал өргөх ёсон аж. Мандал өргөх тэр л эгшинд бүхэл орон ертөнц хийгээд хамаг тахилыг мандалын сууринаа бүтээн бясалгаснаар цаглашгүй их буяныг хураадаг гэж үздэг байна. Энэ зан үйлийг шашны мяндагтан дөрвөн лам ном уншингаа гүйцэтгэх бөгөөд дундаа нэг том царанд будаа хийж, түүнээсээ мөнгөн суурь, улаан өнгө бүхий, тавгийн идээ хэлбэрийн гурван үетэй цагирагийг дүүртэл хийж, номоо хурж дууссаны хамгийн дээд талд нь хүрд залснаар Чойжамц хамбад өргөн барив. Хамба хариуд нь хэд гурван будаа өргөхөд нэг ламтан цартай өргөлийг авч явав. Үүний дараа мандал өргөсөн лам нар нэг нэгээрээ хамбад сүм, бурханы баримал бүхий эд зүйлийг өргөн барихад Чой хамба хамт өгсөн хадгийг хүзүүнд нь тохож өгснөөр мандал өргөх зан үйл дуусч, Монголын бурханы шашинтны Гандантэгчэнлин хийдийн XIX Хамба номун хан, хансүр гавж Дэмбэрэлийн Чойжамц сүсэгтэн олон, лам хуврагуудад хандаж айлдвар айлдлаа.
Миний бие ийм олон жил хамбаар суусан нь гайхамшигт явдал биш. Нийгмийн шилжилтийн завсрын үед хүнд, хэцүү бэрх үеийг туулсан. 1990 онд 200 гаруй сүм хийд нээгдэж, Монголчууд шашин шүтэх эрх чөлөөгөө олж авсан. Энэ цагт хуучин уламжлалтай хамба нараас залгамжилж аваад, шинээр сургууль явсан жаахан хүүхдүүдийг эрдэм номтой болох хугацаанд 36, 37 жил зүтгэлээ. Сая миний хийсэн ажил гэж зөндөө юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байхгүй. Засаг төр, хийдийн захиргаа, лам нар, сүсэгтэн олон, гадаад дотоодын хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар бүх зүйл бүтсэн. Шинэ хамба ажлаа сайхан хийнэ гэж бодож байна. Их сайхан суралцаж, нэгдүгээр зэргийн лхаарамба болоод ирсэн. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь үзээд ирж байна. Эрдмийн хамгийн дээд зэрэг цолыг нь хамгаалж ирээд хоёр жил ажиллалаа. Ингээд Хамба номун хан болж байна. Энэ бол Монголын бурханы шашин нэг шат ахиж буйн илэрхийлэл. Бид бүтээн байгуулалтыг улайж байсан бол одоо мэдлэг боловсрол, сахил санваараа барих нэгэн үе шат эхэлж байна. Сүсэг бишрэл лугай төгөлдөр байж, хэнийг нь ч ялгалгүй тэгш үзэж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа дэлгэргүүлээрэй гэж ерөөе.
Чойжамц хамба үгээ хэлж дууссаны дараа хурлын өргөөний хойморт шинэ Хамба номун хан Жавзандоржид Гандантэгчэнлин хийдийн жаяг, дотоод дэгийг гардуулан өглөө. Хурлын өргөөний хойморт голлон зогссон Чойжамц хамба судрыг толгойдоо хүргэж адис авсны дараа Жавзандорж хамбад өргөн барив. Жавзандорж хамба судрыг хоёр гардан барьж толгойдоо хүргэж адис хүртсэн юм.
Жавзандорж хамба нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 оноос сүм хийдэд шавилан сууж, гэнэн, гэцэл сахил хүртсэний дараа 2001 онд Далай ламаас гэлэн санваар хүртжээ. 1998 оноос Энэтхэг улсад Буддын гүн ухааны сургууль, Балдан бэрээвэн хйидэд суралцахдаа 10 зиндаанд тэргүүлж, 2 зиндаанд дэд байр орж байв. Лхаарамбын шалгалтыг зургаан удаа өгөхдөө дөрвөн удаа тэргүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч тэргүүлэх зэргийн лхаарамба цол хүртсэн байна. Ийнхүү Буддын гүн ухааны эрдмийн дээд зэргийн цолыг хүртэж, Монгол хүний оюуны чадамжийг батлан харуулж, Энэтхэг, Төвд, Монголын олон хуврагын бахархал болж, Монгол багш хэмээн хүндлэгдсэн нэгэн юм.
Түүнд Гандантэгчэнлин хийдийн мяндагтан лам нар мөн адил мандал өргөсний дараа сүсэгтэн олонд хандаж айлдвар айлдав.
Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай, шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм та бүхэнтэй хамтран уламжлалт шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Их Монгол оронд бурханы шашны соёл хэдэнтээ дэлгэрч Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурханы сургаал номлолыг эх хэлээрээ унших судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээ төлөвлөж буйгаа айлтгая аа.
Айлдвар айлдсаны дараа XXX Хамба номун хан Жавзандорж XIX Хамба номун хан Чойжамцын өмнө очиж, хүндэтгэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр өдийг хүртэл энэ олон жилийн хугацаанд үе үеийн захиргаа, лам хуврагуудаа манлайлж, бурханы шашныг дэлгэрүүлэх энэ их үйлсэд хичээн зүтгэсэнд даган баясаж, ирэх жил цагаан сар гарсны дараа таны таалсан өдөр Гандантэгчэнлин хийдээс бат оршил, даншиг өргөе гэж айлтгалаа.
Ингээд Чойжамц хамбад хадаг, цагаан дарь эхийн барималаар хүндэтгэл үзүүлж, хоёр хамба бие биедээ мэхийж, толгой нийлүүлж хүндэтгэл үзүүлэх тэрхэн агшинд сүсэгтэн олон нам жим болов. Үүний дараа Батцагаан цогчин дуганд хурсан олон гурвантаа хурайлснаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн XXX Хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандоржийг залах ёслолын гол үйл ажиллагаа өндөрлөсөн юм.