Нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 1430 ор гаргаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тандалт судалгаагаар нийслэлд томуугийн дэгдэлт тархалтын түвшинд байгаа аж.
Тус төвийн Вирус, тандалт судлалын тасгийн эрхлэгч Ц.Наранзул "Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111819 үзлэг хийснээс 13659 нь амьсгалын замын өвчнөөр оношлогдсон байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал 0.2 хувиар өсжээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчийн олонх нь хүүхдүүд байна. Тодруулбал, 19.1 хувийг 0-1 нас, 20.2 хувийг 2-4 нас, 20.6 хувийг 5-9 нас, 22.9 хувийг 10-15 насныхан эзэлж байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 21 эмнэлэг 1329 хүүхдийн ортой боловч ачааллын улмаас нэмэлтээр 1430 ор гаргаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдвараар өвчилсөн байна гэж мэдээллээ. Тиймээс иргэд дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, амны хаалтаа тогтмол зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.
Б.Лувсанпэрэнлэй