Шинэ оны баярын сонирхолтой уламжлалууд
Шинэ оны баярын сонирхолтой уламжлалууд

Дэлхийн хүмүүс шинэ оны баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Дэлхийн улс орны хүмүүс шинэ оны баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? 10 улсын сонирхолтой уламжлалыг хүргэж байна.

  1. Япон улсад Буддын шашны сүм, хийдүүд шинэ он гарах шөнө 108 удаа хонх цохидог байна. Энэ нь Буддын шашинд 108 төрлийн хүсэл байдаг бөгөөд түүний тоогоор хонх цохиж байна гэсэн утгатай аж. Энэ уламжлалыг “Joya no Kane” гэж нэрлэнэ. Jo” гэдэг нь “хуучныг орхиж, шинэ рүү шилжих” гэсэн утгатай бөгөөд “Ya” нь “шөнө” гэсэн утгатай гэж “Japan Today” сонинд бичжээ.
  1. Грект шинэ оны өдөр гэр бүлээрээ сүмд очиж залбирал үйлддэг уламжлалтай. Үүний дараа гэртээ ирээд өлгөсөн сонгино хайж олдог ажээ. Гэрийн үүдэнд эсвэл гэр дотроо өлгөсөн сонгино нь эрүүл мэнд, урт нас, ургаж дэлгэрэхийн бэлгэдэл гэнэ.
  1. Филиппинчүүд шинэ жилийн баярын ширээнээ 12 жимсийг тойрог хэлбэрт оруулан засдаг байна. Энэ нь тэдний дугуй дүрс хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг гэж үздэгтэй холбоотой. Мөн эд баялаг, элбэг хангалуун байхыг бэлгэдэн халаасандаа зоос дүүргэх, баярын ширээн дээрээ тавих, дугуй хээтэй хувцас өмсөх зэрэг уламжлал байдаг ажээ.
  1. Төв болон Латин Америкт хоосон чемоданаа чирч гэр дотроо өрөөн дундуураа зугаалах эсвэл гадуур алхдаг сонирхолтой үйл байдаг. Ингэснээр шинэ ондоо өөр газар руу явах, аялах хүсэл мөрөөдөл нь биелэхэд тусална гэж үздэг гэнэ.
  1. Испанид олон зуун жилийн өмнө үүссэн нэгэн сонирхолтой уламжлал байдаг нь 12 ширхэг усан үзэм идэх. Он солигдохоос өмнө 12 ширхэг усан үзэм амандаа хийх бөгөөд цагийн зүү цохих бүрд нэгийг иднэ. Энэ нь ирэх жилийн 12 сардаа азтай байхын бэлгэдэл. Тэд 11 дүгээр эсвэл 12 дугаар сарын сүүлчээр хурааж авсан нимгэн арьстай, цайвар ногоон өнгөтэй шинэхэн усан үзэм иддэг аж.
  1. Бразил улсад сая сая хүн цагаан хувцас өмсөж шинэ оны баяраа тэмдэглэхээр далайн эрэг дагуу цуглардаг. Амар амгалан, шинэ он, шинэ зүйлийг бэлгэдэн цагаан өнгийн хувцас өмсдөг ажээ.
  1. Герман, Австри улсад найз нөхөд, гэр бүлийнхэндээ аз дууддаг гэх бэлгэдэлтэй жижиг дурсгалын зүйлс худалдан авч бэлэглэдэг байна. Гахай, азын мөнгө, тах, гэрийн хошоонгор, яндан хөөлөгч зэрэг дүрстэй жижиг зүйлсийг өгдөг ажээ. Эдгээрийн марципанаар хийсэн идэх боломжтой амтат хувилбарыг ч сонгодог байна.
  1. Эстонид шинэ оны баярын өдрийн турш долоо, ес эсвэл 12 удаа хооллохыг хичээдэг гэнэ. Эдгээр нь азын тоо бөгөөд хэдий чинээ их иднэ шинэ жилдээ төдий чинээ элбэг дэлбэг байна гэж үздэг.
  1. Финланд улсад хайлсан цагаан тугалгыг устай саванд хийж үүссэн хэлбэр дүрсээр нь ирэх онд тохиох үйл явдлыг урьдчилан таамагладаг уламжлал бий. Зүрх эсвэл бөгжний дүрс хуримыг илэрхийлдэг бол хөлөг онгоцны хэлбэр нь аяллыг зөгнөдөг гэх мэт тайлбар байдаг аж. Харин гахайн дүрс гарвал элбэг хангалуун жил болно гэж үздэг.
  1. Туркт шинэ ондоо элбэг дэлбэг байхыг бэлгэдэж анар жимс буталдаг уламжлалтай. Үүдэндээ буталсан анар жимс нь олон ширхэгтэй, хол цацарч тархах тусам илүү сайн гэж үздэг байна.

Эх сурвалж: Time, goodhousekeeping, almanac,