Ээж, охидын тоглосон Цөмөөч ханхүү ба хулганын хаан
Ээж, охидын тоглосон Цөмөөч ханхүү ба хулганын хаан

"Гэрэлт ертөнц" академиас "Цөмөөч  ханхүү ба хулганын хаан" бүжгэн жүжгийг хоёр дахь жилдээ тоглолоо.

Хөшиг хаагдан, гэрэл унтарч үзэгдэл солигдох агшинд танхим дүүрэн хүүхдүүдийн цовоо цолгиун дуу чимээ, тэд гайхсандаа эсвэл айсандаа ч юм уу хоолой мэдэн хашхиралдав. “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетын баяр хөөр, сэтгэл хөдлөл ихтэй бяцхан үзэгчид.

... Авга ах Дросселмэйрээс зул сарын бэлэгтээ модон цэрэг авсан Клара, түүний дүү Фриц, зоригт Цөмөөхэйн адал явдлыг өгүүлдэг германы зохиолч Е.Т.А Хоффманы “Цөмөөхэй”-с сэдэвлэсэн бүжгэн жүжгийг шинэ оныг угтаж дэлхийн олон орны уран бүтээлч өөр өөрийн өнгө, дэгээр тайзнаа “амилуулдаг”.

Олон улсын урлаг боловсролын хөгжлийн "Гэрэлт ертөнц" академи "Дэлхийн соёл монгол хүүхэд" төслийнхөө хүрээнд "Цөмөөч  ханхүү ба хулганын хаан" бүжгэн жүжгийг хоёр дахь жилдээ тоглолоо. Тус академийн тэргүүн, балетчин Ч.Алтангэрэл "Бид хүүхдүүдэд зөвхөн тоглолт үзүүлээд зогсохгүй тайзан дээр шидэт үлгэрийн дүр бүтээх үүд хаалгыг нээдэг. Манай сургалтыг ОХУ-д балетын мэргэжил эзэмшсэн, олон дүр бүтээсэн багш нар эрхлэн явуулдаг. Илүү олон хүүхдийг тоглолтдоо хамруулж балетын урлагаар хичээллэх  боломж олгохыг зорьж байна" гэсэн.

Самар цөмөгч  модон цэргүүд Маша охиныг аврахын тулд хулганын хаан болон түүний цэргүүдтэй хэрхэн тулалдан, тэмцэж байгааг өөрсдөө үлгэр дотроо амьдрах мэт гайхан шогширч үзэх хүүхэд багачууд Соёлын төв өргөөг дүүргэжээ. 

Зөвхөн олон сар, жилээр тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л бүжгэн жүжигт дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг эвдэж мэргэжлийн бус хүмүүс, эцэг, эхчүүд, хүүхэдтэйгээ хамт тайзан дээр бүжиглэх, жүжиглэх, цугтаа дурсамж бүтээх боломжийг олгосон нь сонирхолтой байлаа. Тэдний нэг бол Ц.Ууганбаярын гэр бүл. "Томьёо сургуулийн" 5В ангийн сурагч У.Нандин-Эрдэнэ уг балетын хэсэгт дүр бүтээжээ. Олон өдөр гэртээ уйгагүй бэлдэх охиноо хараад баярлаж, бахархаж байснаа аав нь илэрхийлсэн.

Харин охин Г.Хүслэнтэйгээ хамт бүжгэн жүжигт тоглосон ээж н.Гэрэлтуяа “Тайзан дээр найман настай охинтойгоо хамт бүжиглэж, жүжиглэж байгаадаа маш их баяртай байна. Их сандарсан ч охиноо хараад үнэхээр бахархсан. Бид хоёр удаан хугацаанд бэлдсэн. Гэртээ хоёулаа бэлдээд л зөндөө хичээсэн” гэж ярьсан.

Зул сар, шинэ оны баярын өмнөхөн хүмүүсийн сэтгэлийг хөглөдөг, театрыг зорих шалтгаан болдог П.Чайковскийн “Цөмөөхэй” анх 1892 онд тоглогджээ. Энэ тухай МУСГЗ Н.Ганхуяг “Манайхан "цөмөөхэй", "цөмөөч" гэж орчуулдаг. Балетын эх зохиол нь Германы зохиолч Е.Т.А.Хоффман анх "Цөмөөхэй" нэртэй үлгэр зохиож үүнээс сэдэвлэн Чайковский уг балетын хөгжмийг зохиосон түүхтэй. Өнөөдөр бүтээлийн туслах дүрүүдэд сурагчид, ахмадууд, эцэг эхчүүд оролцон тоглож буйгаараа онцлогтой. Мөн ОХУ-аас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шилдэг балетчид ирж хамтран тоглож байна" гэж ярилаа. Ангарскаас ирсэн “Snowdrop” багийн балетчин Катя "Щелкунчик" наадамд биднийг урьсан. Монгол Улс үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хүмүүс нь хөгжилтэй, харилцахад сонирхолтой байна” гэсэн юм.

Тус балет нь олон зуун оролцогч хүүхдэд баяр баясал бэлэглэх, мэргэжлийн бүжигчин болох мөрөөдөлтэй бяцхан бүжигчдэд анхны гараагаа хийх боломжийг олгохоос гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж байна гэж үзэгч эцэг эхчүүд онцолж байв.

Б.Нарантуул, Б.Лувсанпэрэнлэй